БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын зээлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг баталлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар 30 асуудал хэлэлцлээ.
Үндэсний их баяр наадмаа 2 тэрбум 981 сая төгрөгөөр тэмдэглэнэ
Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын Хувьсгалын 97 жилий ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад 2 тэрбум 981 сая төгрөг зарцуулна. Үүний 2 тэрбум 90 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс, 390 саяыг баяр наадмын үйл ажиллагааны орлогоос, 500 саяыг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар боллоо.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар хороод 3 тэрбум 945 сая төгрөг шаардлагатай гэсэн санал ирүүлснийг хянаж ийм шийдвэрт хүрчээ.Өнгөрсөн онд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад 3 тэрбум 40 сая төгрөг зарцуулсан бөгөөд энэ жилийнх 60 орчим сая төгрөгөөр буурчээ.
БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын зээлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг баталлаа
БНХАУ-ын Засгийн газраас олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг баталлаа. Мөн “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл”-ийг БНХАУ-ын талд санал болгож, хугацаанд нь хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах боллоо.
Хөнгөлөлттэй зээлээр:
-“Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц”
-“Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэл”
- “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэл”
- “Өрсөлдөх чадвартай дээд боловсрол”
-“Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих”
-“Махны үйлдвэр, хорио цээрийн байгууламж барих”
-“Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах”
-“Улаанбаатар хот, аймгийн төвийн гудамж, талбайг камержуулах”
-“Нүхэн гарц”
-“Харилцаа холбооны салбарын хүртээмж, чанар, хяналтыг сайжруулах” гэсэн төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
БНХАУ-ын нэг тэрбум ам.долларыг ашиглах тухай Зээлийн ерөнхий хэлэлцээрийг 2015 оны 11 дүгээр сарын 26-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн баталсан юм.
“УБТЗ” –ын төлсөн татварын асуудлыг УИХ-аар хэлэлцүүлнэ
Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт орууланМонгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам“ нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд импортоор оруулах дизель түлшийг 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн онцгой албан татвараас чөлөөлөхийг дэмжив.
Энэ нь тус нийгэмлэгийн 1998-2015 онд импортлосон дизель түлшний онцгой албан татварт төлсөн 73 тэрбум гаруй төгрөгийг илүү төлсөн татвараар бүртгэнэ гэсэн үг юм. Ингэснээр “УБТЗ” нийгэмлэгийн санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, зээлийн эргэн төлөлтийг нь бууруулах, үндсэн үйл ажиллагааг нь дэмжих нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзлээ.
Хуулийн төслийг УИХ хэлэлцэн баталвал 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэх юм.
Агаар цэвэршүүлэгч, халаагч төхөөрөмжийг татвараас чөлөөлөв
Агаар цэвэршүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй халаалагч төхөөрөмжийн жагсаалтыг баталж Гаалийн албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөллөө.
Энэ дагуу дөрвөн төрлийн агаар цэвэршүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй есөн төрлийн халаагч төхөөрөмжийг импортоор оруулж ирэхэд татвар төлөхгүй юм. Ингэснээр одоо зах зээлд худалдаж байгаа төхөөрөмжийн үнэ 10-15 хувь нь буурна гэж тооцоолж байна.
Товч мэдээ
- Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, эх үүсвэрийн чадлын дутагдал, ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар боллоо. Эрчим хүчний нэгдсэн систем өнгөрсөн өвлийн ачааллын үед хүчин чадлаа бүрэн ашигласан байна. Энэ оны нэгдүгээр сарын 25-ны өдөр хамгийн өндөр ачаалалтай байсан бөгөөд нийт ачаалал 1262 МВт хүрчээ. Төвийн эрчим хүчний системийн оргил ачаалал гэхэд л 1081 МВт байжээ.
- Жижиг, дунд үйлдвэрийн санхүүжилтийн корпорацийг олон улсын санхүүгийн байгууллага, дотоод, гадаадын хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдын оролцоотой байгуулахаар болов.
- “Осол гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталлаа. Хөтөлбөрийг 2018-2020 онд хэрэгжүүлэх бөгөөд шаардагдах хөрөнгийг Үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар гаргах юм.
- Монгол циркийн хөгжлийн төвийн хамтлаг Бүгд Найрамдах Унгар Улсын нийслэл хотноо болсон олон улсын циркчдийн уралдаанаас алтан медаль хүртсэн байна. Холбогдох журмын дагуу хамтлагт 21 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.