Аймгийн музейн соёлын өвд 50 гаруй төрлийн монгол наадгай бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-05-30 09:21:08
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн иргэн Д.Чулуунбаатар монгол түмний эртнээс уламжилж ирсэн тоглоомнуудыг сэргээж, хойч үеийнхэнд өвлүүлэх зорилгоор 2009 оноос эхлэн Монгол үндэсний тоглоом наадгайн төрлөөр судалгаа хийж, холбогдох хэрэгслүүдийг цуглуулжээ.
Тэрээр 2016 онд аймгийн Музейн ажилтнуудтай хамтарч монголын уламжлалт хөлөгт болон оньсон тоглоом яаж тоглох, хүний оюун ухааны хөгжилд ямар ач холбогдолтой байдаг талаар Жаргалант сумын 10 гаруй цэцэрлэгийн эрхлэгч нарт хичээл заасан байна.
Өнгөрсөн онд ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл оролцсон өв соёл монгол наадгайн тэмцээн зохиосон бол энэ онд Ховд их сургуулийн нийгмийн ухааны тэнхмийн багш дэд профессор Г.Пүрэвдоржтой хамтарч тус сургуулийн оюутнуудын дунд монгол наадгайн тэмцээн бас явуулжээ.
Түүнчлэн аймгийн Музейн соёлын өвийн цахим бүртгэлд 50 гаруй төрлийн монгол наадгай бүртгүүлсэн байна. 

Одоогийн байдлаар Ховд аймагт амьдран сууж байгаа олон ястнуудаас урианхай ястны “Үүчүүр”, “100 цаастай хөзөр”, халах үндэсний “Панжига”, торгууд үндэсний “Шагайгаар цахдах”, мянгад ястны ”Таван  хошуу малыг үнэлэх”,  өөлд ястны “Хүлтэгжинэ”, ”Шагайн харваа”, тува үндэсний ”Дөрт бэргээ”  зэрэг 20 гаруй тоглоом наадгай цуглуулж, үзэсгэлэн гаргаж, сонирхогчдыг тоглож, наадахад бэлэн болгожээ.
Энэ оны дөрөвдүгээр сард болсон Орон нутгийн музейн нээлттэй хаалганы өдрөөр хоёр өдрийн турш үндэсний тоглоом наадгайг сурталчлах үеэрээ цуглуулсан үндэсний тоглоом, наадгайг байрлуулж олон нийтэд таниулах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд түүнд ажлын байр хэрэгтэй байгааг аймгийн удирдлагуудад уламжлаад байна.
Иргэн Д.Чулуунбаатарын санаачлан цуглуулсан үндэсний тоглоомын төрлүүдийг хүмүүс маш ихээр сонирхож байгаа учир, сурагчдын зуны амралтаар тоглоом зааж өгөх, тоглох цагийн хуваарь, байр орон сууц гаргаж өгөхийг аймгийн Засаг даргаас хүсчээ. Учир нь цахим сүлжээ, гар утас, телевизор, компьютерээр тоглохоос илүү ардынхаа уламжлалт тоглоомыг үр хүүхэд, хойч үедээ танин мэдүүлэхэд эцэг,эхчүүд,залуу гэр бүл түүнийг  дэмжиж байна. Энэ зуны амралтаар сурагчдад чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэхэд зориулж аймгийн Өв соёлын хүрээлэнгийн байранд тэрээр түр байрлаж үндэсний наадгай тоглоом зааж сургах юм.
Монголчууд бидний  соёлын үнэт  өвийн нэг тоглом наадгай нь хүн төрөлхтний оюун ухааны  хөгжилд  томоохон хувь нэмр үзүүлсээр ирсэн. Бид өвөг дээдсээсээ уламжилж ирсэн 15 төрлийн 3000 шахам тоглоом наадмаар нааддаг байжээ. 
                                                                                                                                           А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ