Рио-г зорих бөхчүүд эрхээ хэрхэн авах вэ?
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТОлон улсын олимпийн хороо, Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо болон "Рио-2016" олимпийн Зохион байгуулах хорооноос баталсан олимпийн эрхийн шалгуурыг сонирхуулж байна.
Риогийн дэвжээнд бөхчүүд сонгомол бөхийн 6, эрэгтэй чөлөөт бөхийн 6, эмэгтэй чөлөөт бөхийн 6 жинд тус тус хүч үзнэ. Эрэгтэй чөлөөт бөхийн хувьд 57 кг, 65 кг, 74 кг, 86 кг, 97 кг, 125 кг, харин бүсгүйчүүд 48 кг, 53 кг, 58 кг, 63 кг, 69 кг, 75 кг-д олимпийн алт, мөнгө, хүрэл медалийн төлөө өрсөлдөнө. Харин олимпийн наадамд зодоглох эрхийг хүндхэн шалгуурын дагуу олж авах юм.
Олимпийн эрх авах тэмцээнүүдийн эхэнд АНУ-ын Лас-Вегаст болох 2015 оны ДАШТ-ээс сонгомол, чөлөөт, эмэгтэй чөлөөт бөхийн жин тус бүрийнхээ шилдэг 6-д багтсан бөхчүүд эрхээ биелүүлнэ. Үүний тулд тухайн улсын баг тамирчид 2015, 2016 оны тивийнхээ АШТ-үүдэд аль болох бүтэн багаар оролцох юм.
Дараа нь Ази, Европ, Америк, Африк-Далайн орнуудын бөхчүүдийн Тивийн хэмжээний сонгон шалгаруулах тэмцээнд жин бүртээ эхний 2 байрт шалгарах ёстой. 2015 оны ДАШТ-ээс эрхээ аваагүй орны бөхчүүд зодоглох энэ тэмцээний Ази тивийнх нь ирэх оны 2-р сард Казахстан улсад болох юм. Харин Африк, Далайн орнууд хамтран тэмцээнээ хийнэ.
Дэлхийн сонгон шалгаруулах тэмцээнтэй бөгөөд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 2016 оны 4 дүгээр сарын 22-25-нд болно. Тус тэмцээний үүд хаалга өмнөх 2 шатнаас эрхээ биелүүлсэн жин бүрийн 14 шилдгүүдээс бусад бүх орны бөхчүүдэд нээлттэй. Улаанбаатарын дэвжээнд сонгомол, чөлөөтийн эхний 3, эмэгтэй чөлөөтөөр эхний 2 бөхөд Риогийн тийз олгоно.
Дэлхийн сонгон шалгаруулах 2 тэмцээн байгаа. Улаанбаатарын тэмцээнээс 2 долоо хоногийн дараа Турк улсад явагдана. Энд өмнөх 3 шатнаас эрхээ биелүүлж чадаагүй бүх бөх хүчээ сорьж, жин бүрийн эхний 2 байрт олимпийн эрх олгох болно.
Ийнхүү 344 бөх Риогийн дэвжээнд сонгомол, чөлөөт, эмэгтэй чөлөөт бөхөөр өрсөлдөх ажээ. Үүнд: ДАШТ-ээс 108, Тивүүдийн сонгон шалгаруулах тэмцээнээс 144, Дэлхийн сонгон шалгаруулах тэмцээнээс 48, Дэлхийн сонгон шалгаруулах 2 тэмцээнээс 36, олимп зохион байгуулах орон Бразилаас 4, цагаан хуудсаар 4 тамирчинд тус тус эрх олгоно.