Т.Ахай: Баян-Өлгийн "Мөнгөн сүрэг-мөнгөтэй малчин" хөтөлбөрийг бусад аймгууд нэвтрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-05-22 21:20:22
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт энэ жилээс "Мөнгөн сүрэг-мөнгөтэй малчин" хөтөлбөр хэрэгжүүлэх шийдвэрийг өнөөдөр Өлгий хотод зохион байгуулсан "Бэлчээр болон мал сүргийн менежментийн аймгийн зөвлөгөөн"-өөс гаргасан юм.

Бэлчээрийн даацыг бууруулах, малчдын орлогыг нэмэгдүүлж, мөнгөн хуримтлалтай болгоход чиглэсэн дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх санамж бичигт аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний төв, "Мерси Кор" олон улсын байгууллага, аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо зэрэг зургаан байгууллагын удирдлага гарын үсэг зурав. 



Уг хөтөлбөрийн ач холбогдлын талаар Баян-Өлгий аймгийн Малчдын Холбооны тэргүүн Т.Ахайгаас зарим зүйлийг тодрууллаа.

- Баян-Өлгий аймгийн бэлчээрийн байдал одоо ямар байна?

- Энэ жил тус аймгийн иргэд 2,2 сая толгой мал тоолуулсан. Гэвч бэлчээрийн даац маань 1,2 сая толгой мал маллахад л тохиромжтой байдаг. Дээрээс нь энэ хавар 700 мянга гаруй төл нэмэгдсэн. Бэлчээрийн асуудал одоо бүр хүнд байдалд орчхоод байгаа. Учир нь өмнөх оны нөөц дууссан, шинэ ногоо гараагүй тул мал тарга хүчээ алдаж зутарч байна.

 - Өнөөдрийн зөвлөлгөөнөөс "Мөнгөн сүрэг-мөнгөтэй малчин" хөтөлбөр хэрэгжүүлэх шийдвэр гаргаж байна. Энэ хөтөлбөрийн ач холбогдол юунд байгаа вэ?

 - Бид хамгийн түрүүнд бэлчээр эдэлбэрийн засаглал бий болгохыг зорьж байна. Бэлчээрийг журамлах, төлөвлөх, хянах, үнэлэх, зохицуулах, удирдах тогтоолцоо бүрдүүлэх үүднээс аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулсан. Сумдад бас байгуулагдаж байгаа. Өмнө нь «бэлчээрийн даац хэтэрлээ, малаа цөөлөх хэрэгтэй» гэж ерөнхийдөө хэлдэг байсан бол өнөөдрөөс эхэлж аль багийн хэн гэдэг малчны мал бэлчээрийн даацаас хэдэн толгойгоор хэтэрсэн гэдгийг тодорхойлж ярина.  Дээрх хөтөлбөрийг өнгөрсөн онд Цэнгэл сумд хэрэгжүүлсэн. Энэ ямар хөтөлбөр вэ гэвэл, бэлчээрийн даац нь хэтэрсэн малчдыг тодруулж, тэдэнтэй ярилцсаны үндсэнд илүү байгаа малыг мал эмнэлгийн арга хэмжээнд хамруулж, цаашлаад худалдан борлуулахад нь дэмжлэг үзүүлдэг юм. Энэ замаар Цэнгэл сумын 80 гаруй мянган толгой малыг борлуулсан. Борлуулалтын үнэ нь 3,8 тэрбум төгрөг гарсан байгаа. Малчид энэ мөнгөө өөрсдийн хадгаламж зээлийн хоршоонд 24-30 хувийн хүүтэйгээр хадгалуулж, "мөнгөн мал" хэлбэрээр өсгөж байна. Зуун толгой малаа борлуулж, мөнгийг нь хадгалсан малчин дараа жил 130 толгой "мөнгөн малтай" болно гэсэн үг.  "Мөнгөн мал" бол бэлчээр хэрэглэхгүй учраас бэлчээрийн даац тодорхой хэмжээгээр буурах юм.

- Энэ төслийн хүрээнд Цэнгэл сумын бэлчээрийн даацыг хэдэн хувиар бууруулсан вэ?

 - Гуч орчим хувиар буурсан. Өмнө нь гурван мал хувааж идэж байгаа өвсийг одоо хоёр мал иддэг болсон гэж ойлгож болно. Бидний уг туршлагыг одоо Архангай, Завхан, Ховд, Төв аймгууд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Харин өнөөдрийн зөвлөлгөөнөөс манай аймгийн бүх сумдад хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

- Малын тоо нь бэлчээрийн даацаас хэтэрсэн малчдыг яаж тодруулах вэ?

- Бид эхлээд Дорж гэдэг малчин хаана, хэдэн га бэлчээрийг хэдэн сараас эхэлж хэд хоног ашигладаг вэ гэдэг судалгааг гаргасан. Зураглалыг нь  хийж, тухайн бэлчээрт хэчнээн хэмжээний, ямар төрлийн ургамал ургаж байгааг мөн тогтоосон. Тэгээд энэ бэлчээр хэчнээн тооны малыг багтааж чадах вэ гэдгийг тооцоолж гаргасан юм. Үүнийг малчдын гар дээр байгаа малын тоотой харьцуулахад илүү мал нь гараад ирнэ шүү дээ. Тэгээд тухайн малчинтай яриад: «Та 1500 толгой малтай,  харин таны бэлчээрийн багтаамж 500 толгой мал байна. Энэ үнэн үү» гэхэд хүлээн зөвшөөрчхөөд байгаа. Харин яагаад худалдан борлуулахгүй байгаа вэ гэж асуухад мал үнэ хүрдэггүй хэмээн хариулдаг. Бид энэ борлуулалтын ажилд нь туслах юм.

- Малыг борлуулах ажлыг яаж зохион байгуулах вэ?

 - Өнгөрсөн жил бид малаа худалдах хүсэлтэй иргэдийн мэдээлэл, холбоо барих утас, малын төрөл, тоо толгойг нь хүртэл бичиж интернетээр зар түгээсэн. Зарын дагуу махны ченжээс авахуулаад экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд хүртэл бидэнтэй холбогдсон юм. Харин энэ жил уг ажлыг улам боловсронгуй болгож, малын цахим худалдааны вэб сайт ажиллуулахаар төлөвлөж байна.

- Энэ вэб сайт ямар үүрэг гүйцэтгэх вэ?   

- Вэб сайт бол аймгийн Малчдын байгууллагын дэргэд үйл ажиллагаа явуулна. Мөн сумдын Мал эмнэлэг, үржлийн тасаг, газрын даамлууд, сумдын малчдын байгууллага хамтарч ажиллана. Тэд нар маань айл өрх бүрээс мэдээлэл авч, тухайн жилд худалдан борлуулах малын судалгааг гаргах бөгөөд дараа нь бид цахимаар нийтэд зарлана. Түүнчлэн борлуулах мал тодорхой болмогц Мал эмнэлгийн байгууллага тэднийг бүртгэлжүүлэх, коджуулах, гэрчилгээжүүлэх зэрэг ажлуудыг давхар хийх юм.  Үүний үр дүнд малчид худалдан авагчидтай шууд холбогдох, малыг худалдан авах зардал хэмнэх зэрэг боломжууд бүрдэнэ.

 - Манай аймгийн хэдэн сумд малчдын хадгаламж зээлийн хоршоо байгуулагдаад байна?

 - Одоогоор 7 сумд хоршоо байгуулагдсан. Үлдсэн 5 сумд байгуулагдаж амжаагүй. Гэхдээ нэлээн сайн үйл ажиллагаа явуулж, хоёр хүртэлх тэрбум төгрөгийн хадгаламжтай болсон хоршоодын салбарыг тухайн сумдад байгуулахаар ажиллаж байна.

- "Мөнгөн сүрэг-мөнгөтэй малчин" хөтөлбөр хэрэгжсэнээр ямар үр дүнд хүрнэ гэж тооцоолж байна?

 - Хамгийн түрүүнд экологийн үр дүн гарч, бэлчээрийн даац буурна гэж үзэж байгаа. Мөн малчид хуримтлалтай, бас бэлчээртээ тохирсон, ашиг шим сайтай чанартай малтай болно. Дансандаа мөнгөтэй малчин зуд болоход төрөөс хэдэн боодол өвс гуйж суухгүй л дээ. Ийнхүү тэр малчны дасан зохицох, даван туулах чадвар нь нэмэгдэх юм.    

Ө.Нурболат

Холбоотой мэдээ