М.Энхболд: Шинээр байгуулах Мал эмнэлгийн ерөнхий газар өмнөх өмч, бүтэцдээ суурилах шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-05-22 14:45:08
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, дэмжив. Уг тогтоол батлагдвал  Мал эмнэлэг, үржлийн газрыг Мал эмнэлгийн ерөнхий газар болгож, өөрчлөх юм.
УИХ-аас 1993 онд баталсан Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулиар “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах мэргэжлийн үйл ажиллагааг мал, эмнэлэг, үржлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага… хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу мал амьтны эрүүл мэнд, үржлийн асуудал эрхэлсэн хэрэгжүүлэгч агентлаг Засгийн газрын бүтцэд ажиллаж эхэлсэн байна. Гэвч уг хуулийн хэрэгжилтийн явцад мал эмнэлгийн болон мал үржлийн албаны хариуцан хэрэгжүүлэх чиг үүрэг ялгавартай нь тодорхой болсны зэрэгцээ хуулийн хийдэл, зөрчил нэлээд гарч байсан, мөн хуулийн хамрах хүрээг тэлж, дэлхий нийтийн жишигт нийцүүлэх шаардлага үүссэн зэргийг харгалзан энэ хуулиар зохицуулж байсан харилцааг салгаж, бие даасан хуулиар зохицуулах шаардлага бий болжээ. Эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор мал эмнэлгийн нэгдсэн, шуурхай удирдлагын босоо тогтолцоог бүрдүүлэх, мал үржлийн албаны чиг үүргийг бодлогын түвшинд зохицуулдаг байхын тулд УИХ-аас 2017 оны 12 дугаар сард Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай гэсэн хоёр хуулийг баталсан.
Ирэх сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлэх дээрх хоёр хуулийг хэрэгжүүлэхийн тулд одоогийн Мал эмнэлэг, үржлийн газрын чиг үүргийг хоёр салгаж, Мал эмнэлгийн ерөнхий газар болгож өөрчлөхтэй холбогдуулан энэхүү тогтоолын төслийг боловсруулжээ. Ингэхдээ, мал эмнэлгийн чиглэлийн үйл ажиллагааг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мал эмнэлгийн ерөнхий газар хариуцах, малын үржил, бүртгэлийн чиглэлийн үйл ажиллагааг одоо хариуцаж байгаа хэлтэс нь дээрх хуульд заасны дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны бүтцэд чиг үүргээрээ шилжиж, мал үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийн зохицуулалтыг хариуцан ажиллахаар зохион байгуулалтын өөрчлөлт хийх юм байна.
Тогтоолын төсөл баталснаар төсөвт аливаа төрлийн дарамт үүсэхгүй бөгөөд Мал эмнэлэг, үржлийн газрын төсөвт тусгагдсан төсвийн мал үржлийн ажил, үйлчилгээний зардлаас бусад хэсэг нь Мал эмнэлгийн ерөнхий газарт хэвээр үлдэх юм.
Төслийн талаар УИХ-ын гишүүн М.Энхболд "Энэ удаагийн УИХ мал аж ахуйн салбарын төрийн бодлогыг улам сайжруулах чиглэлд зоримог алхам хийж Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулиудыг баталсан. Эдгээр хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мал эмнэлэг, үржлийн газрыг Мал эмнэлгийн ерөнхий газар болгож бүтэц, зохион байгуулалтыг нь өөрчлөх, чиг үүргийг тодорхой болгох шаардлага үүсээд байгаа юм. Ер нь үе үеийн УИХ, Засгийн газрууд мал аж ахуйн асуудалд төрийн бодлогын түвшинд онцгойлон анхаарч ирсэн. УИХ-аас баталсан “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд тухайн үед миний бие Шадар сайд, Улсын онцгой комиссын даргаар ажиллах байхдаа бүх сумдын мал эмнэлэг, үржлийн албыг УАЗ фургон машинтай болгож, хувийн мал эмнэлгийн албадад багагүй дэмжлэг туслалцаа үзүүлж байсан. Одоо төрийн өмчийн хөрөнгөөр орон нутагт шинээр байгуулагдах мал эмнэлгийн нэгжүүд нь өмнө нь сумдын мал эмнэлэг, үржлийн албад болон энэ чиглэлийн хувийн хэвшлийн байгууллагуудын өмч хөрөнгөд суурилж бүтэц, зохион байгуулалтаа хийх шаардлагатай. Мөн мэргэжлийн боловсон хүчний бүртгэл нөөцөө бүрэн дүүрэн ашиглах нь зүйтэй юм" гэлээ. 
Мөн УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Д.Лүндээжанцан нар тогтоолын төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд шинээр байгуулагдах агентлаг, түүний орон нутагт дахь нэгжүүдийг байгуулах, үйл ажиллагааг нь анхнаас нь зөв, үр өгөөжтэй явуулахад өмнөх үеийн тогтолцоо, туршлагыг сайн судалж санаа авах нь чухал болохыг онцолж байлаа. Ингээд тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх болов. 

Н.Туяа
Холбоотой мэдээ