Баян-Өлгийчүүд төмсний хэрэгцээнийхээ 80 гаруй хувийг дотооддоо хангана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-05-18 11:59:39

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг энэ жил төмсний хэрэгцээнийхээ 81,8 хувийг дотооддоо хангах зорилт дэвшүүлсэн талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуй газраас мэдээллээ.

Тэрбээр 2018 онд газар тариаланг хөгжүүлэх төлөвлөгөөнд 309 га талбайд төмс тариалж, 3,4 мянган тонн ургац хураахаар тусгажээ. Энэ нь  өнгөрсөн онд хураасан ургацтай харьцуулахад 200 орчим тонноор илүү үзүүлэлт юм. Харин төмсний хэрэгцээнийхээ үлдсэн хэсгийг Ховд аймаг болон ОХУ-ын  бүтээгдэхүүнээр хангана.

Энэ жил аймгийн хэмжээнд 1556 га талбайд тариалалт хийх аж. Үүнээс 98 га-д үр тариа, 132 га-д хүнсний ногоо, 73 га-д жимс жимсгэнэ, 712 га-д малын тэжээл, 231 га-д тосны ургамал тус тус тариалах юм.
 
Албаны хүний тайлбарласнаар газар зүй, уур амьсгалын онцлогоос шалтгаалан тус аймагт хаврын тариалалт жил бүрийн тавдугаар сарын 15-наас эхэлдэг бөгөөд ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ