Малчдын зөвлөгөөнөөр Бэлчээрийн төлбөрийг ухаалгаар шийдэх гарцыг эрэлхийлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-05-17 11:15:12
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Мал аж ахуйн тогтвортой хөгжил-2018” Малчдын улсын зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Энэ удаагийн зөвлөгөөнөөр Бэлчээрийн төлбөр, малын хөлийн татвар зэргийг зохицуулах Бэлчээрийн тухай хуулийн төслийг голчлон хэлэлцэж, санал солилцох юм. 

Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүд, мал аж ахуйн салбарт ажиллаж буй эрдэмтэд, мэргэжилтнүүд зэрэг 150 гаруй төлөөлөгч, манай улсын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 700 гаруй малчид нийт 850 хүн оролцож байна. Зөвлөгөөний төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын их хурлын депутатууд, төр, нийгэмдээ ажил хөдөлмөрөөр үнэлүүлсэн алдарт малчид, улс, аймаг, сумын аварга малчид багтаж байгаа юм.



Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зөвлөгөөнийг нээж үг хэлэхдээ "Хөдөө аж ахуй, газар тариалан тэр дундаа мал аж ахуйг эдийн засгийн голлох салбар болгон хөгжүүлэх шаардлагатай гэж дээр, дооргүй ярьж байгаа энэ цаг үед Малчдын улсын зөвлөгөөн болж байгаа нь бодитой шийдэл, гарц гаргалгааг олоход ихээхэн ач холбогдолтой юм. Биелүүлдэг, хэрэгжүүлдэг бол мал аж ахуйг хөгжүүлэх талаар цөөнгүй бодлого хөтөлбөрийг УИХ, Засгийн газраас баталсан байдаг. Гэвч тодорхой үр дүн гарсан эсэх талаарх тоонуудыг харж байхад Засгийн газраас шалтгаалаад сайжирсан, өссөн зүйл огт алга. Зөнгөөрөө, урсгалаараа, малчдын хөдөлмөрөөр л явж ирсэн нь тодорхой харагдаж байгаа юм" гээд малыг амьдын жингээр нь зарах бус ангилж, ялган, арьсыг нь болон дайвар бүтээгдэхүүнийг нь боловсруулаад худалдвал илүү үнэд хүрнэ, малчид хоршоолж чадвал хөдөлмөрийн хуваарь үүсч, бүтээмж дээшилнэ, бүтээгдэхүүнээ хөдөө аж ахуйн биржээр борлуулах, үйлдвэрлэгчидтэйгээ биржээр дамжуулан холбогдох нь орлогыг тогтворжуулах, зах зээлийн бодит үнээр бүтээгдэхүүнээ борлуулах зэрэг нөхцлийг бий болгоно, ийм маягаар Шинэ сум төслийг хэрэгжүүлж хөдөөд ажилтай, орлоготой амьдрах нөхцлийг бий болгосноор хот руу чиглэх нүүдэл саарна гэх зэрэг санал санаачлагуудыг дэвшүүлж байлаа. Түүнчлэн Монголын ноос ноолуур болон оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг  АНУ-руу гаалийн татваргүй оруулж байсан 1990-ээд оны сайн туршлагыг сэргээх, Бэлчээрийг усалгаатай болгох, говийг усжуулах санал, төслүүдэд санхүүжилт босгох зэрэг ажлыг хэрэгжүүлж байгаагаа мэдэгдэв. Харин малчдын хувьд бэлчээрийн доройтлоос урьдчилан сэргийлж, малын тоонд бус чанарт, үр өгөөжтэй, үүлдэр угсаа сайтай мал үржүүлж өсгөхийн чухлыг ойлгож, ажил амьдралдаа хэрэгжүүлэх талаар ярилцаж, шийдэлд хүрэхийг уриалсан юм. 

Ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд дурдагдсанаар,
  • 2017 оны байдлаар мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 3.5 их наяд төгрөгт хүрч ДНБ-ий 10.3 хувь, Хөдөө, аж ахуйн үйлдвэрлэлийн 84.2 хувийг эзэлж байна.
  • Малын тоо 2017 оны жилийн эцсийн дүнгээр 66.2 сая байгаа нь өмнөх оноос 7.6 хувиар өссөн.
  • 2016 оны дүнгээр 400 мянган тонн мах, 891,5 сая литр сүү, 38.6 мянган тонн ноос, ноолуур, мөн 14 сая ширхэг арьс шир үйлдвэрлэсэн байна.
  • Малын түүхий эдийн экспортоос 2017 онд 494,8 сая ам.доллар олсон нь өмнөх оноос 20 орчим хувь илүү байна.
  • Малын мах, махан бүтээгдэхүүний экспорт 2017 онд сүүлийн 5 жилийн дундажтай харьцуулахад 7 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх зөвлөгөөнд оролцож үг хэлэхдээ "Засгийн газар мал аж ахуйн салбарт гарсан ололт, амжилтуудыг бататган сайжруулах, мал аж ахуйн үйлдвэрлэлийн эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, дотоод нөөц бололцоогоор эдийн засгийн өсөлт бий болгох, хөрөнгө оруулалт, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллаж байна. УИХ-аас 2009 онд “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, 2010 онд “Монгол мал” үндэсний хөтөлбөр, 2015 онд “Төрөөс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого” зэргийг батлан гаргаж, мал аж ахуйн салбарын хөгжлийн дунд болон хэтийн зорилтуудыг тодорхойлсон. Эдгээр бодлогын баримт бичгүүдтэй уялдсан Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, мөн Засгийн газрын “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна. УИХ өнгөрсөн оны 12 дугаар сард “Малын генетик нөөцийн тухай” хууль, “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийг батлан гаргаж, ирэх сараас хэрэгжүүлэхээр бэлтгэлээ хангаж байна.  Засгийн газраас энэ оны 2 дугаар сард “Малын эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг батлан гаргалаа. Дээрх хуулиуд болон хөтөлбөрийг хэрэгжүүлснээр мал аж ахуйн салбарт хэрэгжиж байгаа эрх зүйн орчин, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгож, малын үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулан үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлт гаргах малыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх бодлогыг шинэ шатанд гарганаа. Малчид та бүхний үүрэг, хариуцлага нэмэгдэнэ.
Үүний үр дүнд мал аж ахуйн салбараас зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, чанартай, аюулгүй түүхий эд, бүтээгдэхүүн нийлүүлэх, экспортын нөөцийг нэмэгдүүлэх боломж бүрдэн, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн орлого нэмэгдэж, уур амьсгал, байгаль, экологийн өөрчлөлтөд дасан зохицсон мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх чадавхи бэхжих юм.
Мөн хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлд үнийн зохицуулалт, техник технологи, мэргэжилтэй ажилтныг бэлтгэхэд хяналт тавьж зохицуулалт хийх, нэгдсэн бодлого, зохицуулалтаар хангах бүтэц, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд Засгийн газар анхааран ажиллах болно" гэлээ.

Ерөнхий сайдын танилцуулснаар, Засгийн газар ойрын хугацаанд мал аж ахуйн салбарын дараах асуудлуудад онцгой анхаарч ажиллахаар төлөвлөж байгаа юм байна. Тодруулбал:
  • “Малын эрүүл мэнд” хөтөлбөрийг хэрэгжүүлж, малын гоц халдварт өвчний тархалтын хүрээ, давтамжийг эрс бууруулах, малын гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг шуурхай, нэгдмэл байдлаар удирдан зохион байгуулах, хяналттай байх, хариуцлага тооцох тогтолцоог бий болгох
  • Байгаль цаг уурын өөрчлөлтийн улмаас жил ирэх тутамд доройтож байгаа бэлчээрийн даацыг хэтрүүлэхгүй, зохистой ашиглах бодлогыг хэрэгжүүлэх, бэлчээрийг нөхөн сэргээх, усжуулах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх
  • Хот, суурин газрын хүн амын хүнсний хэрэгцээг тогтвортой хангах, малчдын орлогыг нэмэгдүүлэх үүднээс эрчимжсэн мах, сүүний аж ахуй, хүнсний ногооны хүлэмжийн аж ахуйг дэмжин хөгжүүлэх
  • Жил дараалан, давтамжтайгаар өвөлжилт хүндэрч, малын хорогдол их гарч байгаа аймаг, бүс нутагт малын тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлэх, бүх төрлийн тэжээлийн хангамжийг эрс нэмэгдүүлэх цогц арга хэмжээ авах. 
  • Мал аж ахуйн салбарын өнөөгийн бодит түвшин, цаашдын хөгжлийн гарцуудыг зөв тогтоох, тооноос чанарт шилжих асуудлыг шийдвэрлэх зорилгоор малын генетик нөөцийн төлөв байдлыг тодорхойлох, үнэлэх ажлыг улсын хэмжээнд нэгдсэн байдлаар 2019 онд зохион байгуулж, үр дүнгийн тайланд үндэслэн хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, 2020 оноос эхлэн хэрэгжүүлэх.
  • Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтыг эрсдэл багатай даван туулах нэг гол хүчин зүйл болж байгаа хүйтний улирлын цаг агаарын урт хугацааны таамаглалыг оновчтой боловсруулан гаргах, цаг агаарын гэнэтийн аюулт үзэгдлийн мэдээллийг малчдад хүртээмжтэй, шуурхай түгээх тогтолцоо бүрдүүлэх.
  • Малчдын залуу халааг бэлтгэх, хүн бүл муутай малчин өрхүүдэд туслах малчдыг нэгдсэн зохион байгуулалттайгаар илгээж, өвөл, хаврын хүндрэлтэй цаг үед хүн хүчний туслалцаа дэмжлэг үзүүлж байх зэрэг арга хэмжээг шуурхай авч ажиллахаар төлөвлөж байгаа аж.
Өнгөрсөн жилийн малчдын улсын зөвлөгөөнөөр малын эрүүл мэнд, монгол малын удам зүйг хамгаалах тухай асуудлуудыг авч хэлэлцсэний үндсэн дээр УИХ-аас Малын генетик нөөцийн тухай хууль, Малын эрүүл мэндийн тухай хууль батлуулан, 2018 оны 6 дугаар сарын 1-нээс хэрэгжих бэлтгэл ажлаа хангаад байна. Тэгвэл энэ жилийн малчдын зөвлөгөөнөөр дээр дурдсан мал аж ахуйн салбарын суурь хуулиудыг тайлбарлан таниулах, бэлчээрийн төлбөрийн асуудлыг ухаалгаар шийдэх гарцыг олох, төрөөс малчдын нийгэм, эрүүл мэнд, боловсролын талаар баримталж буй бодлого, түүний хэрэгжилтийн талаар танилцуулахаа зорьж байгаа юм.

Сүүлийн жилүүдэд тохиолдож байгаа дулаарал, хэт халалт, байгаль, цаг уурын огцом өөрчлөлт, малын тоо толгойн хэт өсөлтөөс шалтгаалсан бэлчээрийн даац, түүний ашиглалт, хамгаалалтыг сайжруулах эрх зүйн орчныг зайлшгүй бүрдүүлэх шаардлагатай юм. Салбарын яамнаас Бэлчээр хамгаалах хуулийн төслийг боловсруулан удахгүй Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барих гэж байгаа. Энэ зөвлөгөөнөөр уг хуулийн төслийг танилцуулж малчдаас санал авах юм. 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ