Ээлжит бус чуулган 6 сайдын томилгоог хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-09-08 19:22:22

УИХ-ын 2015 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдын өргөн барьсан “Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай” асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайдаар УИХ-ын гишүүн Цэрэндашийн Оюунбаатарыг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар УИХ-ын гишүүн Намдагийн Батцэрэгийг, Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Баярбаатарын Болорыг, Хөдөлмөрийн сайдаар УИХ-ын гишүүн Гарьдхүүгийн Баярсайханыг, Барилга, хот байгуулалтын сайдаар УИХ-ын гишүүн Зангадын Баянсэлэнгийг, Зам, тээврийн сайдаар УИХ-ын гишүүн Мөнхчулууны Зоригт нарыг томилох саналыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-д оруулж ирснийг чуулганы өнөөдрийн хуралдаанаар авч хэлэлцээд ёсчиллоо.

Засгийн газрын гурван гишүүний томилгоог хийсний дараагаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гадаад томилолттой тул УИХ-ын дарга З.Энхболд чөлөө олгосон. Иймд шинээр томилогдсон  Шадар сайд Ц.Оюунбаатар түүний үүргийг хэрэгжүүлснээр үлдсэн гурван сайдыг томилох асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцүүлж дуусгав.

Түүнчлэн чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан. Гэсэн ч өнөөдөр үдээс өмнө хуралдсан Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг Өршөөлийн үзүүлэх тухай хуульд тавьсан хоригийг хэлэлцэх асуудлаар тав хоногийн завсарлага авсан юм. Ингэснээр чуулганы нэгдсэн хуралдаанаар зөвхөн Засгийн газрын зарим гишүүдийг томилуулах тухай асуудлыг хэлэлцэв.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд