Автобусны жолооч хүн дайрч, амь насыг нь хохироожээ

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2015-12-01 15:56:31

Нийтийн тээврийн жолооч нартай холбоотой зам тээврийн осол буурахгүй байна гэж Замын цагдаагийн газраас мэдэгдлээ. 

Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн аюулгүй байдал хангалттай бус,  зорчигчид сууж, бууж амжаагүй байхад хөдөлгөөнөө эхэлдэг,  хаалгандаа хавчих, энэт огцом тоормослох, хоорондоо уралдах, гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, урсгал сөрөх гээд нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нарыг гаргадаг зөрчил зөндөө. 

Сонгинохайрхан дүүргийн нутаг  Их Нарангийн зам, Улаанчулуутын хогийн цэг явах замд “Сутайбуянт” компаний "Daewoo BS-106" маркийн автобусны жолооч Б нь явган зорчигч 30-35 орчим насны эрэгтэй хүнийг мөргөж амь насыг нь хохироож, автобусанд зорчиж явсан найм, явган зорчигч таван хүн хүнд хөнгөн гэмтсэн ноцтой осол гаргаад удаагүй байгаа. Гэтэл өнөөдөр  өглөөний 09.50 цагийн орчимд  Сонгино хайрхан дүүргийн нутаг "Хархорин" захаас баруун тийш "Миний дэлгүүр"-ийн урд замд “Тэнүүн огоо” компанийн "Daewoo BS-106" маркийн автобусны жолооч Г нь явган зорчигч 50 орчим насны эрэгтэй хүнийг дайрч амь насыг нь хохироосон байна. Мөн тус дүүргийн Хангай захаас зүүн хойш замд “Атибус” компанийн "H.Aero Citi -540" маркийн автобусны жолооч Г нь  “Тэнүүн огоо” компанийн "H.Aero Citi -540" маркийн Д жолоочийн  автобустай мөргөлдөж зорчигч  дөрвөн хүнийг  гэмтээжээ. 

Энэ оны эхний 11 сарын байдлаар нийтийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагын жолооч нартай холбоотой зам тээврийн осол  405 бүргэгдэж, осол хэргийн улмаас таван хүн нас барж,  254 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна.

Ж.Батсайхан

 

 

Холбоотой мэдээ