С.Бямбацогт: Урьдчилан сэргийлэхэд хөрөнгө, хүч зориулж чадвал гэмт хэрэг бодитоор буурна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-05-10 12:54:33
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийн талаар төсөл санаачлагч УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос тодрууллаа.

-Хуулийн төслийн гол онцлог, өөрчлөлт нь юу вэ? Төсөл санаачлах үндэслэл нь юу байв?
-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийг 1997 онд баталснаас хойш 20 гаруй жил өнгөрч байна. Тус хуульд хүний нүдэнд ил үйлдэгддэг буюу гудамж талбайд үймээн самуун гаргах, танхай, хулгай, дээрэм гэх мэт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх, хэрхэн тэмцэх талаар тусгаж зохицуулсан байсан. Өнгөрсөн хугацаанд тодорхой бодлогын, томоохон зохицуулалтууд буюу гэмт хэрэг үйлдэгдэх, гэмт хэргийн золиос болох нөхцөл шаардлага, шалтгааныг хэрхэн арилгах талаар зохицуулалтгүй явсаар ирлээ. Өөрөөр хэлбэл Монгол Улсын эдийн засгийн өсөлт муу, ард иргэдийн амьдрал ядуу байна гэдэг бол гэмт хэрэг үйлдэгдэх, түүнд өртөх, золиос болох нэг шалтгаан болж буй. Учир нь ажилгүйдэл, ядуурлын улмаас хүмүүс амьдрахын эрхэнд гэмт хэрэг үйлдэх, зөрчил гаргах, бусдыг хохироох нөхцөл байдал бий болоод байна. Тиймээс гэмт хэрэгтэй зөвхөн хуулийн байгууллага тэмцэх бус Үндсэн хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж Монголын төр анхаарах ёстой гэж үзэж энэ хуулийн төслийг боловсрууллаа. Учир нь Үндсэн хуульд төр иргэнийхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжоор хангах ёстой гэж заасан байдаг тул төр үүргээ биелүүлэх ёстой гэсэн том агуулгаар өөрчлөлтийг оруулж ирж байгаа.

-Гэмт хэрэг үйлдсэний дараа биш өмнө нь урьдчилан сэргийлэх ажилд анхаарал хандуулах шаардлагатай гэдэг. Үүнийг хэрхэн оновчтой зохицуулахаар тусгаж байгаа вэ? 
-Уг хуульд орж байгаа зохицуулалт бол гэмт хэрэг гарсны дараа гэмт хэргийг илрүүлж, гэмт этгээдэд ял шийтгэл эдлүүлэхээс илүүтэй тийм байдалд орохоос урьдчилан сэргийлэхийг илүүд үзсэн. Нэг талаар гэмт этгээдэд ял шийтгэл оноох нь зүйн хэрэг ч ард нь түүний ар гэр үр хүүхэд нь хохирдог. Нөгөө талдаа гэмт хэргийн золиос болсон хүн эрүүл мэнд, эд хөрөнгө цаашлаад амь насаараа хохирдог эмгэнэлт байдалд орохоос өмнө түүнээс сэргийлэх нь чухал гэж үзсэн хэрэг. Гэмт хэрэг үйлдсэнийх нь дараа түүнийг илрүүлэх, залхаан цээрлүүлэх, учруулсан хор хохирлыг барагдуулах нь аль аль талдаа төвөг чирэгдэл, зардал ихтэй ихээхэн урхагтай асуудал. Хэрэв гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл, боломж, бололцоог бүрдүүлэхгүй байвал гэмт хэрэг гарахгүй. Тиймээс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд тодорхой бодлогоор, хөрөнгө мөнгө, хүч хаяад ажиллавал гэмт хэргийн золиос хохирогч болохгүй, гэмт хэрэгтэй тэмцэж байгаа цагдаа, хяналт тавьж байгаа прокурор, ял өгч байгаа шүүгч, хорих байгууллага зэрэгт учирч буй бэрхшээлийг шийдэж, гарч буй бодит болон бодит бус хохирол, зардлыг хэмнэх боломжтой юм. Иймээс гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэхэд илүү анхааръя гэж байгаа юм.

-Сүүлийн 10 жилд гэмт хэргийн гаралт, хохирлын хэмжээ нэмэгдсээр байгаа. Хууль батлагдсанаар гэмт хэрэг гаралтын тоо бодитоор багасна гэж үзэж болох уу?
-2016 онд 32 мянган гэмт хэрэг үйлдэгдэж үүний улмаас 37 мянган иргэн хохирсон байна. Нийтдээ аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд 200 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Хэрэв гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 1 тэрбум төгрөгийн төсвөө жаахан нэмэгдүүлж, ажлаа сайжруулбал гарч байгаа хохирол, зардал багасч, хохирч буй иргэдийн тоо тэр хэмжээгээрээ буурах юм. Ниргэсэн хойноос нь хашхирах, өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх биш гэмт хэргийн шалтгаан нөхцлийг урьдчилан илрүүлж, сэргийлэх асуудлыг ярьж байна гэсэн үг юм. Энэ ажилд төрийн бүх байгууллагыг оролцуулахаар заасан байгаа. Өөрөөр хэлбэл гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөл хариуцна, зохицуулна гэж заасан боловч тэр нь тодорхойгүй байсан. Харин одоо маш ойлгомжтой, тодорхой болгох юм. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газар, аймаг орон нутгийн удирдлагууд, хувийн хэвшлийн байгууллага, иргэд ямар оролцоотой байхыг нарийн зохицуулж өгсөн.

-Урьдчилан сэргийлэх ажилд идэвхи санаачлагатай оролцсон иргэдээ хүртэл урамшуулна гэсэн үү?
-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг олон нийт иргэдийн оролцоонд түшиглэж, тулгуурлаж зохион байгуулна. Санаачилж, оролцож байгаа иргэдийг урамшуулах, дэмжих, тэдний оролцоотойгоор ажлаа дүгнэх гээд аль болох иргэдийн оролцоотойгоор ажиллах нь чухал байна. Гэмт хэрэгтэй зөвхөн цагдаа тэмцэх ёстой гэсэн ойлголтоо бүгдээрээ засч энэ бол төрийн, иргэн бүрийн үүрэг гэдгийг зохицуулж тусгаж өгч байна.
Н.Гантуяа
Холбоотой мэдээ