Баян-Өлгийд ядуу өрхийн тоо 20 шахам хувиар өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-05-09 12:35:10

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Үндэсний статистикийн хорооноос эрхлэн явуулсан өрхөд суурилсан нийгмийн болон хүн амын амьжиргааны түвшингийн судалгааны 2017 оны үр дүнгээр Баян-Өлгий аймагт ядуурлын түвшин 34.4 хувьтай гарсан байна.

Судалгаанаас харахад ядуу өрхийн тоо сүүлийн 4 жил дараалан өссөн бөгөөд 2014 онд 6686, 2015 онд 6923, 2016 онд 7184 байжээ. Харин 2017 онд 19,6 хувиар нэмэгдэн 8596-д хүрсэн байна. Үүний дотор нэн ядуу өрх 4403 байгаа нь өмнөх оныхоос 10,3 хувиар өссөн үзүүлэлт ажээ.

Тус аймаг нь 23626 өрхтэй бөгөөд нийт өрхийн 36.4 хувийг ядуу өрх,  ядуу өрхийн  51.2 хувийг нэн ядуу өрх тус тус эзэлжээ. Ядуурал нэмэгдэхэд эдийн засгийн өсөлт буурсан, хүн амын тоо, өрхийн тоо өссөн, улирлын чанартай ажлын байр, нийгмийн халамжид хамрагддаг хүүхдийн тоо багассан, мөн хүүхдийн мөнгийг амьдралын эх үүсвэрээ болгосон эмзэг бүлгийн өрхийн тоо нэмэгдсэн зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн хэмээн мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байна.

Иймд ажлын байр бий болгох, хөдөлмөрийн зах зээлийн багтаамжийг нэмэгдүүлэх, хүн амын чанарын үзүүлэлтүүдийг дэмжихэд чиглэсэн бодлогыг эрчимжүүлэх шаардлагатайг тэрээр зөвлөж байна.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ