Байнгын хороод 2019 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-05-09 08:47:02
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

Тухайлбал, 09.00 цагт Төсвийн байнгын хороо хуралдаж, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Мөн цагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын 2017 оны үйл ажиллагааны тайлан, “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх аж.

Харин үдээс хойш буюу 14.00 цагт Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” батлах тухай, Хөрөнгө оруулалтын банкны тухай хэлэлцэхээр төвлөсөн байна. Түүнчлэн “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2016 оны 34 дүгээр тогтоолын биелэлтийн талаар Шадар сайдын мэдээллийг сонсохоор товложээ.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ