Аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулатори, хүүхдийн эмнэлгийг шинээр барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-05-08 21:08:02
Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй ажлын хэсгийнхэн Баянхонгор аймгийн ард иргэдтэй хийх уулзалт /2018:05.08/ 17:00 цагт аймгийн Хөгжимт Драмын театрт эхлэв.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх иргэдтэй хийх уулзалтаа, Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа ажил хэмжээний талаар танилцуулга мэдээллээ улс орны эдийн засаг сайжирч байгаа эерэг мэдээгээр эхэлсэн. Тэрээр, "2012 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17.5 хувьтай байсан бол 2016 онд 1.2 хувь болсон байдаг. Тэгвэл 2017 онд эдийн засгийн өсөлт 5.2 хувь болж сайжирсан бөгөөд энэ онд 6-8 хувьд хүргэхээр ажиллаж байна. 2019 онд мөн түвшингээ хадгалах, нэмэх зорилттой байгаа. Олон улсын болон Монголын эдийн засаг судлаачдын дүгнэлтээр Монгол Улсын эдийн засаг тогтворжиж байгаа төдийгүй цаашид эдийн засгийн өсөлтийн он жилүүд биднийг хүлээж байгаа гэдгийг уламжлахад таатай байна гэв.
Мөн “Эдийн засгийг хүнээр зүйрлүүлж хэлбэл 2016 онд сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт амандаа амьсгалын аппараттай хэвтэж байсан юм. Тэгвэл 2017 онд энэ хүнд зохих эмчилгээг хийж, энгийн эмчилгээний тасагт шилжүүлсэн. Харин 2018 онд энэ хүнийг эмнэлгээс нь гаргаж, энгийн амьдралд шилжүүлнэ. Гэхдээ асарч тойглох ажлыг гэрээр нь үргэлжлүүлэх хэрэгтэй. Ингээд 2019 он гэхэд тус хүнийг бүрэн илааршуулж, ажилд нь оруулах юм. 2020 оноос Эдийн засаг гэх хүн маань урьдын хэвээр амьдарч, ажиллаж хөдөлмөрлөж, баялаг бүтээнэ. Бид ийм төсөөллөөр ажил үүргээ биелүүлж байгаа” хэмээн Ерөнхий сайд “хошигноод” авсан. Тэрээр зүйрлэлээ үргэлжлүүлэн, айлаар зүйрлэвэл манай эх орон зудны дараах айл шиг байгаа. Зуданд хамаг малаа алдчихалгүй урин хавартай золгож, цагийн сайхныг үзэж сэтгэл тэнийх гээд байж байна хэмээв.
Манай Засгийн газрын хамгийн том зорилт бол ажлын байраар хангах явдал. Өнөөдөр Монгол Улс 3.2 сая хүн амтай болоод байгаагаас нэг сая орчим нь ядуу амьдарч байгаа. Тэгэхээр тэднийг ажилтай, орлоготой амьдрах боломжийг хангах нь миний болон орон нутгийн удирдлагуудын хийх ажил юм. Тухайн жил тус аймаг нь хэчнээн хүнийг ажлын байраар хангаж вэ гэдгээр ажлыг нь дүгнэдэг байя гэж байгаа. Материаллаг үйлдвэрлэл, үйлчилгээний, бизнесийн салбаруудаа дэмжсэнээр ажлын байрыг нэмэгдүүлэх гарц бий болохыг олон жилийн туршлага харууллаа. Ажилтай хүн орлоготой, хамт олонтой, архи ууж, агсам согтуу тавьж түйвээх цаг завгүй, гэмт хэрэгт холбогдохгүй, төлөвшилтэй, амьдралын зорилготой байх юм гээд иргэдээ ажилтай, орлоготой байлгахын төлөө хамтран ажиллая гэж Ерөнхий сайд уриаллаа.
Ийнхүү Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.
Иргэд голчлон оюутны сургалтын зээл, тэтгэврийн нэмэгдэл хэдийд байх зэргийг лавлаж байлаа. Иргэдийн зарим саналыг тоймлон хүргэе.
Есдүгээр багийн иргэн н.Мөнгөнцэцэг, Баянхонгор аймгийн Эмнэлгийн тусламж үйлчилгээний салбарын хариуцлагагүй байдлаас болж эгчийгээ цаг бусаар алдсан, олон дахин түргэн тусламж дуудсан ч эмчилгээ хийлгүй, цаг алдсанаас ийм зүйл болсон гэж үзэж байгаагаа хэлээд тус салбарынхныг номонд нь оруулж өгөөч хэмээж байв. Харин нэгдүгээр багийн иргэн н.Бямбадорж “Эрдэнэмандал сургууль өнөө хэр сурагчдын дотуур байргүй байна. Аймгийн хэмжээнд “Номундалай” сургууль л дотуур байртай, зөвхөн өөрийн сургуулийн суралцагчдаа байрлуулдаг. Үүний улмаас хүүхдүүдийн сурч боловсрох эрх зөрчигдөж байна” хэмээн Ерөнхий сайдад уламжилсан юм.

Мөн наймдугаар багийн иргэн н.Одончимэг “Оффшорчидтойгоо зоригтой тэмцэж, толгойлогчдыг нь олж илрүүлмээр байна. Дараагийн дугаарт, малчдын маань дайсан асуудал болоод байна. Үлийн цагаан оготно устгах, уул уурхайн нөхөн сэргээлтийн асуудалд хариуцлагатай хандахгүй бол малчид маань уух усгүй, мал нь бэлчих газар нутаггүй болж дуусах нь. Саажилттай хүүхдийг нөхөн сэргээх сувилал барих ажилд минь дэмжлэг үзүүлээч” гэсэн гурван хүсэлттэй ирсэн байлаа. Зургадугаар багийн иргэн н.Адъяахорол “Олон намын хэрэг алга. Түүнээс гадна УИХ-ын сонгуулийг зургаан жилээр хийдэг болвол энэ их бужигнаан байхгүй болох болов уу” гэх бодлоо дайсан бол өндөр настан нэгэн иргэн, “Цагаан цахирын уурхайд ажиллаж байсан хүү маань одоо байнга толгой өвддөг, зовиур шаналгаатай байх болсон. Сүүлд гурван хүн хордлоо л гэсэн. Энэ уурхайн үйл ажиллагаа хүний эрүүл мэндэд нөлөөлөөд байгаа юм биш үү. Үнэн мөнийг тогтоож өгөөч” гэсэн юм.
Долдугаар багийн иргэн н.Янжиндулам “Танай Засгийн газраас их зүйлийг хүлээж байгаа, та бүхэн эрчтэй байгаарай. Иргэд бид маш их дэмжиж, итгэж найдаж байгаа шүү” гэсэн бол өндөр настан н.Дагва “Эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж хангалтгүй байна. Өчнөөн цагаар дараалалд зогсоод эмчийн үзлэгийн номер авах гэхэд цаг дууссан гэх хариу өгдөг. Чирэгдэлгүй үйлчлэх ямар арга байна вэ. Мөн тэтгэврийг тэгшитгэх, зөрүүг арилгах чиглэлд илүү анхаараач” гэлээ. Баян-Овоо сумын иргэн н.Адарсүрэн ““Спейшл майнз” компаний уурхайд орон нутгаас ажиллагсдын нэг нь би. Манай уурхайг хэзээнээс ажиллуулах вэ, үүний ард 150 шахам хүн, түүнээс хэд дахин олон тооны хүн буюу өрхийн амжиргаа яваа шүү дээ. Мөн өрхийн эмнэлгүүдийн эмч нарыг чадваржуулаач ээ. Хатгаа гээд оношилчихож чадахгүй, цаг хугацаа алдуулж, холбогдох хүндрэлүүдийг үүсгэх юм” гэлээ.
Түүний дараагаас “Спейшл майнз” компанитай холбоотой хэд хэдэн асуулт  хөвөрлөө.
“Спейшл майнз” компаний Үйлдвэрийн дарга Т.Ариунболд “Манай үйлдвэр 150 гаруй ажилчинтайгаас 80 орчим хувийг нь орон нутгийнхан бүрдүүлдэг. Ерөнхий сайд яриандаа хэд хэдэн удаа онцоллоо. Ажлын байрыг нэмэгдүүлэх гарц, гаргалгаа ярьж хэлж байгаа энэ нөхцөлд 150 хүний ар гэр, ахуй амьдралыг тодорхойгүй хугацаагаар чангааж байгаа энэ асуудлаа шийдэж өгөөч. Үйлдвэрийн маань хэвийн ажиллагаа хэзээнээс эхлэх вэ?” гэлээ. Мөн нэгэн иргэн, “Цианидад хүн хордвол ямар хугацааны дотор шинжилгээгээр үнэн зөв хариу гарах вэ, шинжилгээ өгсөн хүмүүсийн цусыг шууд устгаж болдог юм уу. Хордсон нь тодорхой байхад л хордоогүй гэх хариу гаргуулаад, одоо энд ажилчдаа авчирчихсан цаашид ажиллуулах тухай санал тавиад явж байгаа нь зүйд хэр нийцтэй вэ” гэж асуултыг Эрүүл мэндийн сайдаас асуулаа.
Гуравдугаар багийн иргэн н.Сарантуяа “Хордсон гэгдээд байгаа гурван хүний хоёрынх нь ээж бид хоёр байна. Одоо бидний хүүхдүүд эрүүл саруул байцгааж байна. Гэтэл олон нийтийн хэвлэл мэдээллээр элдэв ташаа мэдээ тарж, иргэдийг төөрөгдүүлж байгаад гайхаж байна” гэсэн юм. Энэ мэтээр иргэдийн уулзалтын олон давхацсан голлох сэдэв нь “Спейшл майнз” ХХК-нийн “Цагаан цахир”-ын алтны уурхайг тойрсон асуудал байлаа. Аймгийн Засаг дарга хэлэхдээ, тус асуудлаар олон хүн санал бодлоо давтан хэлээд байх нь өөр чухал асуудлуудыг ярьж, шийдэх боломжийг хааж байгаа учир тухайн асуудлаар ахин сэтгэгдэл авахгүй, жичдээ асуудлыг шийдье гэдгээ хэлсэн юм.
Үргэлжлүүлэн, Усан спорт цогцолборын барилга хэзээ ашиглалтад орох, Эрдэнэцогт сумын Соёлын төвийн барилгыг шинэчлэх, Биеийн тамирын дасгалжуулагч багшийн цалинг ЕБС-ийн багш нарынхтай тэнцэтгэх, хүүхдийн мөнгийг ялгалгүй олгох, Хүүхэд хөгжлийн ордон байгуулах, зорилтот бүлгийн 30 өрхийг нарийн ногоо, жимс жимсгэний хүлэмжтэй болгох, уул уурхайн асуудлыг цэгцлэх, хувийн хэвшлийг дэмжих зэрэг асуудлуудыг иргэд хөндөж байв.
Иргэдийн сонирхсон асуулт, санал сэтгэгдлийн дараа салбартаа холбогдох асуултуудад Сайд нар хариулт өгсөн юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг “Манай салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 31.5 хувийг үйлдвэрлэдэг, Монгол Улсын нийт ажиллах хүчний 53.8 хувь нь мөн салбарт ажилладаг. Манай Засгийн газар хөгжлийн тэргүүлэх салбараа Хөдөө аж ахуйн салбар хэмээн зарласан. Салбарын бодлого бол бэлчээрийн мал аж ахуй голчилсон, газар тариалангийн бүс нутаг нь тодорхой, эрчимжсэн мал аж ахуй, хөнгөн хүнсний үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх, экологийн цэвэр хүнсээр иргэдээ хангасан, экспортын чиг баримжаатай ХАА салбарыг хөгжүүлэх явдал юм” гээд салбартаа хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр, цаг үеийн ажлаа танилцуулаад, “Хүлэмжтэй болох хүсэлт тавьсан хүмүүс аймгийн ХХААГ-т албан ёсны хүсэлт тавь, шийдвэрлэж өгье. Үлийн цагаан оготнотой тэмцэх ажилд манай яаманд улсын төсвөөс 1.7 тэрбум төгрөгийг төсөвлөснөөс 90 сая төгрөгийг танай аймагт хуваарилсан. 60 мянган га-д үлийн цагаан оготнотой тэмцэнэ” гэсэн юм.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа “Төгсөлтийн баярууд эхлэх гэж байгаатай холбогдуулан тавдугаар сарын нэгний өдөр хүүхдүүдэд тэгшитгэн мөнгө хурааж баяр тэмдэглэх явдлыг хориглосон шийдвэр гаргаж, сургуулиудад хүргүүлсэн. Шийдвэрийг зөрчиж баяр тэмдэглэсэн, асуудал гаргасан багш, захирлуудад ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна. Оюутны сургалтын зээлд энэ онд Монгол Улсын Засгийн газраас 75 тэрбум төгрөгийг баталсан. Жилдээ 35-37 мянган оюутан хамрагдах боломжтой. Арилжааны банкаар дамжихгүй, хүүгүй, хамтран зээлдэгч шаардахгүй, зөвхөн голч дүн нь 2.8-аас дээш байх шаардлага л байгаа. Тэгэхээр болзол хангасан хэн ч материалаа бүрдүүлээд сургалтын зээлд хамрагдах боломжтой. Олон хүүхэдтэй айлаас нэг хүүхдийг хамруулна гэх томъёолол байхгүй учир хэдэн ч хүүхэд нь тус зээлийг авч болно. Анхлан суралцаж байгаа бакалаврын оюутнуудаас гадна магистр, докторын сургалтын төлбөрийг ч зээлээр шийдэх боломжтой байгаа” гэсэн хариултыг өглөө.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Засгийн газар ахмад настны тэтгэврийн нэмэгдлийг үе шаттайгаар хийх зорилт тавьсан. 392 мянган ахмад тэтгэвэр авч байгаагаас 60 гаруй хувь нь доод хэмжээг авч байгаа. Ирэх онд тэтгэврийн хэмжээг нэмэхийн зэрэгцээ тэтгэврийн зөрүүг арилгах чиглэлд тодорхой ажлууд хийгдэнэ. Гэхдээ доод хэмжээг огцом нэмэгдүүлэх боломжгүй учир бодлогын чанартай асуудлууд яригдаж байгаа. Баянхонгор Политехникийн коллежид шаардлагатай байгаа эд хогшлийн 70 сая төгрөгийн асуудлыг сайдын багцаас, сургалтын тоног төхөөрөмжийг авах 110 сая төгрөгийн асуудлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа төслийн санхүүжилтээр олгохоор болсон” гэв.
Үргэлжлүүлэн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ ”Элэг бүтэн Монгол” хөтөлбөр Баянхонгорт амжилттай хэрэгжиж байгаа, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар тус ажлыг улсын хэмжээнд хэрэгжүүлэхэд санаачлагатай оролцсоныг онцолж, Баянхонгорчуудад баяр хүргэсэн юм. Хөтөлбөрийн хүрээнд 2020 он гэхэд Монгол Улс элэгний С вирусын өвчлөлгүй орон болох зорилттой ажиллаж байгаа. Эрүүл мэндийн салбарт дэвшил гарч байгаа, алдаа дутагдал ч бий хэмээн салбарын бодлого, цаг үеийн ажлуудаа танилцуулаад иргэдийн сонирхсон асуултуудад хариулсан юм. “Эмнэлгийн ажилтны буруугаас цаг алдаж, эрдэнэт хүний амь эрсдсэн гэх өргөдөл ирсэн байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагаас тус асуудлын талаар лавлаж, ярилцсан. Одоогоор задлан шинжилгээ хийгдэж байгаа учир хэнээс, юунаас болсныг тодруулж, хэлэлцэхэд эрт байгаа учир хариу гарахаар хэн буруутайд нь хариуцлага тооцно. Хэвтэн эмчлүүлэхэд дараалал байж болох ч амбулаторийн үзлэгт хүлээлт байх ёсгүй. Тиймээс Баянхонгор аймгийн Амбулаторийн барилгыг өргөтгөх, шинээр барих шаардлага зайлшгүй байгаа юм байна, Засгийн газрын тэргүүн анхааралдаа аваад шийдэж өгөөч гэж Баянхонгорчуудынхаа өмнөөс хэлье. Бас нэгэн иргэний асуултад хариулахад, Цианид натри хүний биед орсон бол 12-24 цагийн дотор гадагшилж, шинж тэмдэг нь үлддэг. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторид тус шинжилгээг хийх боломжгүй, зөвхөн Цэргийн төв эмнэлэгт хийдэг шинжилгээ. Хүний шинжилгээнд өгсөн цусыг устгасан эсэхийг эмнэлгийн удирдлагаас тодруулсан. Цусны ерөнхий шинжилгээ хийгээд үлдэгдлийг нь устгах журамтай учир процессын асуудал болсон юм билээ шүү” гэлээ.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар “Асуудлыг газар дээр нь шийдэж өгч, ажил хэрэгч айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд болон ажлын хэсэгт Баянхонгорчуудынхаа өмнөөс талархал илэрхийлье. Монголын Улсын Засгийн газрын Гурван тулгуурт бодлогын үндсийн үндэс болсон төрийн албаныхныг ёсзүй, сахилга хариуцлагын тухай хуультай болгохоор ажиллаж байна. Хуулийн гол үзэл санаа нь төрийн албан хаагч бол ард түмэндээ үйлчлэгч мөн, төрд итгэх итгэл тэндээс эхэлнэ гэсэн гаргалгаа байгаа. Иргэдийн хэлж байгаа гомдлын мөрөөр холбогдох албаныхан ажиллаад үнэхээр төрийн албан хаагч, эмнэлгийн ажилтан, цагдаагийн ажилтан хариуцлага алдсан л байх юм бол хариуцлагыг хатуу тооцож ажиллах нь чухал. Мөн цианид натрид хүн хордсон эсэх асуудлыг аймгийн мэргэжлийн байгууллагууд хурдан шийдэж өгөөч, тун болохооргүй юм бол дээрээс нь ажлын хэсэг гаргаад үнэн мөнийг тогтоолгоё” гэж байлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Баянхонгор ажиллахдаа тодорхой таван асуудлыг шийдэхээр болсноо уулзалтын үеэр хэлсэн юм. Тус аймагт Мах боловсруулах үйлдвэр, Дулааны цахилгаан станц, "Номундалай” 960 хүүхдийн сургуулийн барилгын ажилд нийт есөн тэрбум төгрөг шаардлагатайгаас 2019 оны төсөвт эхний хэсгийг суулгах, Нэгдсэн эмнэлгийн Амбулаторийг шинэ барилгатай болгох, 50 ортой Хүүхдийн эмнэлгийг энэ онд барьж, ашиглалтад оруулахаар болсоыг дуулгалаа. Мөн Баянхонгорт Хүүхдийн ордон барих асуудлыг Засаг дарга төсөв дээрээ зохицуулалт хийж  ажиллах чиглэл өгсөн юм. 
Ерөнхий сайдын ажлын айлчлалын багт Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ц.Цогзолмаа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нарын зэрэг албаныхан ажиллалаа.
                                                                                                                    Б.Мөнхзул
Холбоотой мэдээ