О.Балжинням аваргын нэрэмжит тэмцээний шилдэгүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-05-07 20:25:11
 Увс /МОНЦАМЭ/. Наранбулаг сумын харъяат, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавъяат тамирчин, Үндэсний бөхийн Улсын аварга Одвогийн Балжиннямын нэрэмжит "Аваргын гараа" Олон хотын аварга шалгаруулах тэмцээн энэ амралтын өдрүүдээр аймгийн Спортын ордонд болж өнгөрлөө. Тэмцээнд Увс, Завхан аймгийн 13 сумын 6 сургуулийн 300 орчим өсвөрийн жүдочид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Тэмцээнд оролцсон тамирчдыг багийн дүнгээр байр эзлүүлэхэд эмэгтэй 1-р байрыг Н.Эрдэнэтогтох дасгалжуулагчтай Баруунтуруун сумын Ерөнхий боловсролын сургуулийн баг тамирчид , 2-р байрыг Ю.Баттогтох дасгалжуулагчтай Улаангом политехник коллежийн “Улаан гуталт” дэвжээний баг тамирчид, 3-р байрыг Д.Гомбожав дасгалжуулагчтай Улаангом сумын Ерөнхий боловсролын 6-р сургуулийн баг тамирчид эзэлсэн байна. Харин эрэгтэй 1-р байрыг Ш.Бат-Очир дасгалжуулагчтай Цогцолбор 2-р сургуулийн баг тамирчид, 2-р байрыг Ю.Баттогтох дасгалжуулагчтай Улаангом политехник коллежийн “Улаан гуталт” дэвжээний баг тамирчид, 3-р байрыг Д.Цэнд-Очир дасгалжуулагчтай Тэс сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн баг тамирчид эзэлжээ.
Монгол Улсын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажилладаг О.Балжинням аварга нь өнгөрсөн хугацаанд олон арван шилдэг тамирчдыг төрүүлсэн бөгөөд тэдгээр нь тив дэлхий, олимпийн наадмаас тогтмол медаль хүртэж Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөсөөр байна. Иймээс түүний энэ онд хүртсэн Хөдөлмөрийн баатар цолыг нь мялааж, аймаг орон нутгийн зүгээс хүндэтгэл үзүүлсэн юм.
Б.Батхүү
Холбоотой мэдээ