Монголын триатлоны холбооны ерөнхийлөгчөөр Ц.Сандуйг дахин сонгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-05-07 14:52:31
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын триатлоны холбоо /МТХ/-ны бага хурал 2018 оны 5 дугаар сарын 5-нд Монголын үндэсний олимпийн хорооны Хурлын танхимд болж, холбооны ерөнхийлөгчөөр Ц.Сандуй улиран сонгогдлоо. 

Энэхүү бага хурлаар МТХ-ны үйл ажиллагааны тайланг сонсож, 2018-2021 онд мөрдөн ажиллах стратегийн төлөвлөгөөг баталсан юм. Мөн зохион байгуулалтын асуудал хэлэлцэж, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Цэндсүрэнгийн Сандуйг холбооны ерөнхийлөгчөөр дахин сонгосон бол тэргүүн дэд ерөнхийлөгчөөр "Эйртранс" компанийн ерөнхий захирал Т.Чулуунхүү ажиллахаар болов.

Мөн МТХ-ны дэд ерөнхийлөгчөөр Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун, Хан-Уул дүүргийн БТСХ-ны дарга Д.Жаргалсайхан, SPS телевизийн захирал Н.Наранбат, “Арга билэг” группийн ерөнхий захирал З.Пүрэв-Очир, Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч Б.Цолмон нарыг сонгов. Удирдах зөвлөлийн гишүүнээр Монгол Улсын Шадар сайдын бие төлөөлөгч А.Авирмэд, Эрдэнэт УБҮ-ийн санхүүч, спортын мастер Ч.Гансүх, "MCS Estates" компанийн албаны дарга, спортын дэд мастер Б.Зоригт, “Нью Саммит” компанийн захирал Д.Хоролсүрэн, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, Орхон аймгийн триатлоны холбооны тэргүүлэгч Н.Эрдэнэбилэг нарыг сонгосон байна.

Д.Өлзий
Холбоотой мэдээ