В.Путин: Иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх нь Оросын шинэ засгийн газрын гол зорилт байх болно

Дэлхийд | Улс төр
dorjkhand@montsame.mn
2018-05-07 13:28:01
МОСКВА. /Спутник/. Иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх нь Оросын шинэ засгийн газрын ирэх жилүүдийн гол зорилт байх болно гэж дөрөв дэх удаагаа ОХУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх гэж буй Владимир Путин хэлснийг “Спутник” агентлаг уламжлав.

В.Путин өнөөдөр  Москвагийн цагаар 12:00 цагт тангараг өргөх юм.

Халаагаа өгөх гэж буй засгийн газрын гишүүдийг В.Путин өчигдөр орой хүлээн авч уулзах үеэрээ “Ерөнхийдөө, иргэдийн бодит орлогыг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх нь шинэ засгийн газрын ирэх жилүүдийн гол зорилт байх болно. Энэ зорилтод хүрэх үндэс суурь сайн тавигдсан байна. Эдийн засаг  тогтвортойгоор өсөж байна” гэжээ.

Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд сайн ажилласан гэж тэрбээр ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийг мөн сайшаагаад “Ерөнхий сайд Дмитрий Медведев болоод түүний багийнхан сайн ажилласан учраас засгийн газрын ажил урагштай байлаа” гэсэн байна.

2012 онд байгуулагдсан Д.Медведевийн засгийн газар өнөөдөр огцрох юм. Гэхдээ шинэ Засгийн газар байгуулагдах хүртэл түүний засгийн газар үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдэгдсэнээр, ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшүүлэх хүнийхээ нэрийг В.Путин тангараг өргөснийхөө дараа хэзээ ч Оросын парламентын доод танхим буюу Төрийн Думд өргөн мэдүүлж болно.
 
Г.Доржханд

Холбоотой мэдээ