“Ховд Шонхорууд” баг Дэлхийн Гран при-д IV байр эзэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-05-07 09:23:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Үшин хотноо болсон ФИБА-гийн 3Х3 сагсанбөмбөгийн Дэлхийн Гран при тэмцээний шагналт дөрөвдүгээр байрт “Ховд Шонхорууд” баг шалгарсан байна.

Эх орныхоо баруун хязгаар Ховд аймгаар овоглосон “Ховд Шонхорууд” баг энэ жилийн мэргэжлийн гурав дахь Гран при тэмцээндээ ийнхүү амжилттай оролцож шагналт байр эзэлжээ. Манай баг хэсэгтээ Дэлхийн гурван удаагийн аварга, дэлхийн чансааг тэргүүлэгч Сербийн алдарт Нови Сад болон эзэн орны баг болох Хятадын Хубэй багуудтай учраа тааран тоглосон юм.

Манай баг хэсгээсээ хоёрдугаар байраар гарч улмаар Наньжин Гран при тэмцээний дэд аварга болох Москва Инаномо багтай шөвгийн наймд учраа тааран 20:16-аар хожиж шилдэг дөрөвт үлдсэн. Харин хагас шигшээд өнгөрсөн улирлын 2 Их дуулга, 3 Гран при тэмцээнийн аварга Сербийн алдарт Лиман багтай тоглож 20:14-өөр дийлдэж тэмцээний шагналт дөрөвдүгээр байрт шалгарсан юм.

Харин тэмцээний гуравдугаарт эрэмбэтэй манай "Улаанбаатар Гаруда" баг тэмцээний С хэсэгт ОХУ багтай учраа таарч, оноо тоолж системээр хэсгээсээ гарч чадаагүй байна. Манай баг тамирчид ирэх амралтын өдрүүдэд буюу тавдугаар сарын 19-20-нд мөн Хятадын Хуяан хотноо улирлын дөрөв дэх Гран при тэмцээндээ оролцоно.

Д.Өлзий
Холбоотой мэдээ