Д.Трамп ОХУ-ын ерөнхийлөгчтэй уулзахад бэлэн байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-04 10:54:56
ВАШИНГТОН. /РИА Новости/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзахад бэлэн байна гэж Цагаан ордны хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Сара Сандерс сэтгүүлчдэд мэдэгджээ.
 
Аль болох хурдан яриа хэлэлцээ хийж, зэвсэглэлээр хөөцөлдөх явдлыг зогсоох тухай хамтарсан шийдвэр гаргахыг Д.Трамп В.Путинд санал болгосон гэж өнгөрсөн пүрэв гарагт ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдсэн юм.
 
В.Путины хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Дмитрий Песковын хэлснээр, хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэхийн тулд биечлэн уулзалт хийх шаардлагатай байгааг хоёр улсын төрийн тэргүүнүүд хүлээн зөвшөөрчээ. Гэсэн хэдий ч хоёр улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалт хийх товыг хэлэлцээгүй аж.

ОХУ болон АНУ-ын төрийн тэргүүнүүд хоёр удаа биечлэн уулзаж байсан юм. Тэд өнгөрсөн долдугаар сард Германы Гамбург хотод болсон “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт болон өнгөрсөн 11 дүгээр сард Вьетнамын Дананг хотод болсон Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр уулзаж байсан билээ.     
Э.Аянзаяа
Холбоотой мэдээ