УИХ-ын гишүүны ирц хангалтгүй бол эгүүлэн татахаар хуульчилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-05-02 15:58:16
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын Тамгын газар хамтран “Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаа, гишүүний ёс зүй, хариуцлага” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав.Энэ сэдвийн хүрээнд УИХ-ын гишүүдийн сахилга, ёсзүйг чангатгаж, хариуцлагын тогтолцоог нарийвчлан зохицуулахаар хуулийн төсөл боловсруулж байгаа юм. 

Нийгэмд багагүй шүүмжлэл дагуулдаг УИХ-ын гишүүний ёсзүй, хариуцлагын асуудлыг хөндсөн энэхүү хэлэлцүүлэгт Улсын Бага Хурал, үе үеийн УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газрын удирдлагууд, УИХ дахь намын бүлгийн ажлын алба, Тамгын газрын ажилтнууд, улс төр судлаач, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцсон юм. 

Хэлэлцүүлгийг УИХ-ын дарга М.Энхболд нээхдээ:

- Хэдийгээр хууль тогтоох байгууллага асуудлаа шийдвэрлээд явж байгаа ч УИХ-ын үйл ажиллагаа, УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудал өнөөдөр нийгэмд анхаарал татсан асуудал болоод байна. Хаврын чуулганыг нээхдээ энэ чуулган УИХ-ын үйл ажиллагаа, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, гишүүдийн ёс зүй, хариуцлагыг өндөржүүлэх чиглэлээрх эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох шийдвэр гаргасан чуулган байна гэж хэлсэн. Энэ дагуу өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байгаа юм" хэмээн тодотгож байв. 

УИХ болон УИХ-ын гишүүний ёсзүй, хариуцлагын асуудлаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг 48 орны Үндсэн хуульд судалгаа хийж, дүгнэлт гаргажээ. Мөн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, дээрх асуудлыг тусгаж байгаа. Хэрэв уг хуульд өөрчлөлт оруулбал  энэ чуулганы хугацаанд УИХ-ын гишүүдийн ёс зүй, хариуцлагыг сайжруулах хууль эрх зүйн шинэ зохицуулалтыг бий болгох болно хэмээн үзэж буйгаа гишүүд хэлж байв. 



УИХ-ын гишүүн С.Бямбацогтын өгсөн мэдээллээр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд: 
  • УИХ-ын гишүүн чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй цагийн нийлбэр нь тухайн чуулганы нийт хугацааны гуравны нэгээс хэтэрсэн бол УИХ түүнийг гишүүнээс нь эгүүлэн татах,
  • Байнгын хороодын хуралдааныг давхцуулахгүйгээр зохион байгуулдаг болох,
  • Хуралдааны ирцэд бүртгүүлэх, асуулт асуух, үг хэлэх, санал өгөхөд гарын хурууны хээгээр идэвхждэг систем бүхий цахим тоолуурыг ашиглах, гишүүн зөвхөн өөрөө санал өгдөг
  • Монгол Улсын Үндсэн хууль болон Ард нийтийн санал асуулгын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх ирцийн босгыг өндөрсгөж, шалгуурыг тодорхой оновчтой болгох
  • УИХ-ын гишүүн бусдад хүндэтгэлтэй хандаж, бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан, эсхүл хуралдаанаас гадуур бусдыг илтэд санаатайгаар гүтгэж, доромжлохыг хориглох, хуралдааны дэг зөрчвөл хуралдаанаас хөөх
  • Гишүүний асуултад хариулж байгаа албан тушаалтан үнэн зөв мэдээлэл өгөх, асуултад бүрэн хариулах үүрэгтэй байх, худлаа хариулт өгвөл албан тушаалаас огцруулах, төрийн албанаас халах
  • Үндсэн хуулийн цэцээс хууль тогтоомжийн зарим зүйл, заалтыг хүчингүй болгосон бол УИХ дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор тухайн хууль тогтоомжид зохих нэмэлт, өөрчлөлт оруулдаг байх зэрэг
  • Засгийн газрыг огцруулах босгыг хуралдаанд оролцсон гишүүдийн бус нийт гишүүдийн 50 хувиас илүү байхаар тогтоох зэрэг өөрчлөлтүүд тус байгаа аж. 
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ парламентын үйл ажиллагаа, гишүүний ёс зүй, хариуцлагын талаарх ОХУ, ХБНГУ, Франц, Япон, Австрали, БНХАУ, БНСУ, АНУ зэрэг орнуудын гадаадын улс орнуудын туршлагыг судалж, харьцуулсан судалгаа хийснээ энэ үеэр танилцуулж байв. Түүний мэдээлэлд дурдагдсанаар, ОХУ-ын Төрийн Дум ирцийг картаар бүртгэдэг бол ХБНГУ-ын Бундестаг, Францын Үндэсний Ассамбейд гишүүн ирцийн бүртгэлийн хуудаст нэрээ бичиж гарын үсэг зурснаар ирцийг тооцдог, харин Япон, БНСУ-ын парламентад ирцийг Сахилгын хороо, БНХАУ-ын АТИХ-д Ёс зүйн хороо нь, АНУ, Австралийн парламентад ирц бүртгэгч ирцийг тусгайлан бүртгэдэг аж.

Санал хураалтын тухайд ХБНГУ-ын Бундестаг, Францын Үндэсний Ассамблейд гишүүд гар өргөх, босч зогсох зэрэг биеийн үйлдлээрээ санал өгдөг бол Австралийн парламентад гишүүд тийм, үгүй гэж дуу хоолойгоороо санал өгөх, эсхүл тийм, үгүй гэсэн хэсгээрээ хуваагдах, мөн бичгээр саналаа өгөх зэрэг хэлбэрийг ашигладаг байна. Харин ОХУ, Франц, ХБНГУ, Япон, Австрали, БНХАУ, БНСУ, АНУ зэрэг улсын парламент хуралдаанд санал хураахдаа хурууны хээг ашигладаггүй бол Албани, Болгар, Итали, Шри Ланк зэрэг улс өөр гишүүний картаар санал өгдөг асуудлыг халах зорилгоор хуралдааны санал хураалтад хурууны хээ ашиглах тогтолцоог нэвтрүүлжээ.


Дээрх орнуудад парламентын гишүүдийн ирцийг бүрдүүлэх, хуралдаан тасалсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг хууль тогтоомжоор нарийвчлан тогтоож өгсөн байдаг аж. Тухайлбал, Японы парламентад хуралдаан даргалагч нь гишүүнд 7 хоногийн хугацаатай чөлөө олгох эрхтэй, түүнээс дээш хугацаатай бол Танхимаар хэлэлцдэг, ОХУ, БНСУ-ын парламентад гишүүн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаанд оролцох боломжгүй бол хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгддэг, мөн хүндэтгэн үзэх шалтгааныг хуульд заасан байдаг аж.

Олон улсын туршлагаар парламентын гишүүдэд:
  • Санхүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Энд цалинг нь хасах, санал хураалтад оролцоогүй, тасалсан бол мөнгөн торгууль ногдуулах зэрэг арга хэмжээ орно.
  • Бүрэн эрхийг түр хугацаагаар буюу хэсэгчлэн түдгэлзүүлэх, эгүүлэн татах мэтээр сахилгын шийтгэл ногдуулдаг.
  • Гишүүдийн ирцийн байдлыг олон нийтэд мэдээлдэг, албадан ирүүлдэг, хуралдаанд оролцох эрхийг нь хасдаг, албан ёсоор уучлал гуйлгадаг.
  • Гишүүний давуу эрхийг нь хязгаарлах, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, парламентын бүрэлдэхүүнээс хасах шийтгэл ногдуулдаг байна.
Энэ удаагийн хэлэлцүүлгээр хуулийн төслийн үзэл баримтлалыг чамбайруулахад санаа авахуйц олон чухал санал гарсан тул тэдгээр саналыг тусган бусад гишүүд, УИХ-д суудалтай намуудын байр суурийг авч нэгтгэсний үндсэн дээр хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулж өргөн барих чиглэлээр ажиллах боллоо. 
Н.Гантуяа

Холбоотой мэдээ