Д.Данзан: Бөхийн өргөөг барихад санаачилгатай оролцсон хүмүүсийн хөдөлмөрийг үгүйсгэж болохгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-05-02 15:17:28
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-нд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тус холбооны тэргүүн асан Р.Нямдорж, дэд тэргүүн асан Д.Данзан, улсын заан Д.Мягмар нар өнөөдөр Пума зочид буудалд сэтгүүлчдэд мэдээлэл хийв. 

Р.Нямдорж: “1990 онд Р.Давааням санаачилж, миний бие, Д.Данзан, П.Даваасамбуу, Д.Мягмар тэргүүтэй хүмүүс МҮБХ-г байгуулж байлаа. Би энэ холбоог 28 жил удирдсан. Өнөөдөр үүсээд байгаа энэ байдлын талаар 4 зүйл онцлон хэлмээр байна. Энэ хугацаанд Монгол бөхийн түүхэнд байгаагүй 60 шинэ ажлыг бид хийсэн. Тухайлбал, допингийн шинжилгээг наадмаар хийдэг байсныг, наадмаас наадмын хооронд хийдэг болсон. Бөхчүүдийг цахимаар бүртгүүлдэг, камерын бичлэг гэх мэт ажлыг дурдаж болно. Сүүлийн үед МҮБХ-ны нэр хүндэд халдсан гүтгэлгийг Х.Баянмөнх аварга тэргүүтэй хүмүүс удаад дараа гаргаж байна. Үүнээс болж иргэдийн дунд буруу ойлголт төрөх болов. 2017 онд болсон ээлжит бус “Их Эе” хурал нээлттэй болоогүй. Энэ хурлаас Л.Чинбатыг тэргүүнээр сонгож, шинээр Цэцийн зөвлөлийн гишүүдийг сонгосон гээд байгаа. Түүнийг 3 шатны шүүх баталгаажуулсан гэдэг огт худлаа. Харин өнгөрсөн 3 дугаар сард болсон 8 дугаар “Их Эе” нээлттэй болж, ТВ-5 телевизээр шууд дамжуулсан. 2010 онд хуралдсан 6 дугаар “Их эе”-ээр баталсан дүрэмд Бөхийн өргөөг МҮБХ-ны өмч мөн гэж тусгаж өгсөн. Мөн тус дүрэмд бөхийн өргөөг зээлийн барьцаанд тавих, өмчлөхийг хориглосон. Бид Бөхийн өргөөний татварыг жил бүр төлж ирсэн баримт бий. Улсын бүртгэлтэй гэрчилгээг давхардуулж олгох нь хууль бус. Гэтэл МҮБХ-ны гэрчилгээ, тамгыг давхардуулж авчихаад байгаа нь энэ будлианыг үүсгэж байна. Үүнийг хийхийн тулд одоогийн Хууль зүйн яамны өндөр албан тушаалтан нөлөөлсөн. Улсын бүртгэлийн газраас МҮБХ-ны гэрчилгээ, тамга авсан байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн тавдугаар бүлгийн 18.1.8-д Улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж гэрчилгээ олгохыг хориглоно гэсэн заалт бий. Тэгэхээр МҮБХ гэдэг энэ байгууллага 1990 онд улсын бүртгэлд бүртгүүлчихсэн, гэрчилгээ нь хүчин төгөлдөр байгаа. Би цаашид энэ холбооны ажилд оролцохгүй. Харин бөхийн хөгжлийн төлөө бол ажиллах болно” гэв.

Харин Д.Данзан: “Сүүлийн үед Х.Баянмөнх аварга хүнийг доромжилж, гүтгэх нь хэрээс хэтэрлээ. Тийм учраас зарим зүйлийг хэлэхгүй бол болохгүй нь. Бөхийн өргөө ард түмний хандив дэмжлэгээр боссон. Тухайн үед санаачлага гаргасан 10-аад хүний 6 жилийн хөдөлмөрийг үгүйсгэж байна. Хандив цуглуулахаар мөнгө орж ирдэггүй юм билээ. Бид хандивын хажуугаар 6 ажил хийсэн. Үүнийг та бүхэнд хэлмээр байна. Тухайн үед Монголд байгаагүй мөнгө цуглуулах ажлыг санаачлан хэрэгжүүлсэн. Тухайлбал, Албан байгууллагын сугалаа, Нэр төрийн арилжаа. Үүнийг холбоог үүсгэн байгуулагч, менежментийн багийн удирдагч Р.Нямдорж санаачилсан. Хандив, мөнгө өгсөн хүмүүсийн нэрсийг бүртгэж, алт, мөнгө, хүрэл медалиар мөнхжүүлсэн. Алтан карт буюу нэг сая төгрөгөөр Бөхийн өргөөнд үзвэр үзэх картыг олгосон. Хонжворт дурсгалыг олгосон. Аваргуудын зурагтай талархлын хуудас гаргаж, хандив өргөсөн хүмүүст дурсгал болгон өгсөн. Бөхийн өргөөнд байрлах рекламны самбарыг зарах зэрэг ажлуудыг хийж, санхүүжилт хийсэн. Төрийн бус байгууллагад төрөөс санхүүгийн тусламж үзүүлж болно гэсэн төрийн бус байгууллагын тухай хуулийг үндэслээд Монгол Улсын төрөөс 800 сая төгрөгийг хөрөнгө оруулалтаар бус дэмжлэг байдлаар олгосон байдаг. Бид 6 жил зүтгэж энэ бүх ажлыг хийсэн. Харин Х.Баянмөнх аварга Монголын мэргэжлийн үндэсний бөхийн холбоог байгуулж, ажилладаг ч МҮБХ-ны ажилд оролцоод байна. Энэ хүн үнэхээр мундаг менежмент хийдэг юм бол 5000 хүний Бөхийн өргөөг барьчих гэж хэлмээр байна. Хандиваар мөнгө цуглах уу гэдгийг аварга маань ойлгох байх. Тухайн үед ард түмний амьдрал хүнд, барилгын кранаас эхлээд техник ч ховор байсан тэр үед Бөхийн өргөөг барьж байлаа. Үүнийг ойлгохгүй байгаад харамсаж байна” гэв.
Холбоотой мэдээ