Орхон аймаг жуулчдад зориулж соёлын үйлчилгээнийхээ хүртээмжийг нэмэгдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-04-30 14:30:41
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ "Орхон аймаг гадаадын болон дотоодын жуулчдыг татахдаа баруун аймаг руу  дамжин өнгөрөх бүс нутгийн онцлогоо ашиглан хөгжүүлнэ" гэж Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Б.Осоржамаа хэллээ.
Ингэхдээ,амралт чөлөөт цагийн цогцолбор, соёлын үйлчилгээг нэмэгдүүлэх, менежментийг сайжруулах гэнэ. Үүнд, 21 аймгийн үзэсгэлэнт газрыг илтгэсэн баримал, түүхэн үеийг харуулсан уран зураг бүхий “Хөх Монгол” цогцолбор, суугаа бурхны баримлаараа Азид эхний гуравт тооцогддог “Бурхан багшийн сэрэг дүр”, Хүннү, Сяньбигийн үеийн ховор олдвор зэрэг соёлын үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж үзэж байна. 
Мөн жуулчдыг татахын тулд амралт, чөлөөт цагийн цогцолборыг нэмэгдүүлэх, уул уурхайн музейг нээх болон бусад үзвэр, үйлчилгээний газрын менежмент, ажиллах цагийн хуваарь зэргийг өөрчлөх ажээ. Мөн 2015 онд байгуулсан “Хөх Монгол” цогцолборыг жуулчдад үзүүлэхийн тулд 23 цаг хүртэл ажиллуулж интернэт орчин бүрдүүлэх, зэсийн баяжмал, катодын зэсийг ашиглан соёлын үйлчилгээний газар байгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн музейг олон нийтэд үзүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.
Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ