З.Баянсэлэнгийг БХБ-ын сайдаар томилов

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-09-08 18:41:07

УИХ-ын чуулганы хуралдаанаар БХБ-ын сайдаар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг томилох тухай хэлэлцэж, дэмжлээ.

Томилгоог чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ц.Дашдорж, Барилга хот байгуулалт бол улсын хөгжлийг харуулах гол салбар. Өнөөгийн барилгын стандарт, норм, дүрмийг нарийн судалж барилга дээр үйлдвэрлэлийн осол гэмтэл гарах, иргэдэд чанаргүй барилга нийлүүлэхээс сэргийлэх хэрэгтэй. Түүнчлэн Төв цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг сайжруулах, газрын наймааг бууруулахад анхаарлаа хандуулах ёстой гэв. Мөн УИХ-ын гишүүн Д.Арвин, Гэр хорооллын болон бусад дахин төлөвлөлтийн ажилд анхаарлаа хандуулан ажиллахыг хүсэв.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнчимэг, З.Баянсэлэнгэ гишүүнийг мэргэжлийн хүн биш гэх шүүмжлэл их гарч байна. Сүүлийн 8 жилийн хугацаанд мэргэжлийн сайд төдийлөн томилогдоогүй. Яам гэдэг бол тухайн салбарын мэргэшсэн менежер гэж болно. Харин сайд бол мэргэжлийн яамыг удирдах ёстой улс төрийн албан тушаалтан юм. З.Баянсэлэнгэ гишүүнийг сайдаар томилохыг дэмжиж байна гэлээ.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Товч намтар

З. Баянсэлэнгэ 1991 онд Нийслэлийн 35 дугаар дунд сургууль,  1994 онд Дархан хотын Анагаах ухааны сургуулийг бага эмч мэргэжлээр,  2003 онд Цагдаагийн академийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

Тэрбээр 1996-1999 онд НЦГУТ-д бага эмч, 2003 онд Сүхбаатар аймгийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, 2003- 2006 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, 2007-2008 онд Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгт арбитрч,  2008-2009 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргаар тус тус ажилласан байна.

З.Баянсэлэнгэ Улсын Их Хурлын 2012 оны зургаа дахь удаагийн сонгуулиар  “МАХН-МҮАН”-ын "Шударга ёс" эвслээс нэр дэвшин Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар томилогдон ажиллаж байв.  Англи, орос хэлтэй.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд