Умард Солонгосын эсрэг суртал ухуулга явуулахад ашиглаж байсан чанга яригчуудаа буулгаж авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-30 11:17:35
ТОКИО. /РИА Новости/. Умард Солонгостой залгаа хилийн дагуу суурилуулсан чанга яригчуудаа Өмнөд Солонгос улс тавдугаар сарын 1-нээс хураана гэж тус улсын БХЯ мэдээлжээ. Чанга яригчуудыг Умард Солонгосын эсрэг суртал ухуулга явуулахад ашиглаж байсан юм.
 
Энэ сарын 27-нд Панмүнжом тосгонд болсон Умард болон Өмнөд Солонгосын дээд хэмжээний уулзалтын үеэр талууд чанга яригчуудыг буулгаж авах тухай тохиролцоонд хүрчээ.

Чанга яригчаар дамжуулан Умард Солонгосын эсрэг хийх суртал ухуулгын нэвтрүүлгийг Өмнөд Солонгос улс 1963 онд явуулж эхэлсний хариуд Умард Солонгосын эрх баригчид мөн адил арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. 2015 онд талууд суртал ухуулгын нэвтрүүлгийг зогсоох тухай хэлэлцээр байгуулсан хэдий ч Умард Солонгос дөрөв дэх удаагийн цөмийн туршилт хийсэнтэй нь холбогдуулан Өмнөд Солонгосын эрх баригчид 2016 оны нэгдүгээр сард суртал ухуулга явуулдаг чанга яригчуудаа дахин ажиллуулж эхэлсэн байна.   
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ