Багийн засаг дарга багаа цэцэрлэгтэй болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-11-30 15:21:16

Ховд аймгийн төв Жаргалант сумын Бичигт баг шинэ цэцэрлэгтэй боллоо.Тус багт хамгийн их тулгамдсан асуудал бол сургууль цэцэрлэг бөгөөд 2005 оноос цэцэрлэгтэй болох талаар иргэд санал тавьсан юм.

Бичигт  багийн засаг дарга Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Ганхуяг  “Жаргалант Шанд” ХХК-ийн 100 хүүхдийн хуучин цэцэрлэгийн барилгыг худалдаж авъя гэсэн саналыг аймгийн ИТХ-д оруулснаар дэмжигджээ. Түүний саналыг УИХ-ын гишүүн Д.Батцогтод уламжилсан юм. Ингээд 300 сая төгрөгөөр энэ барилгыг худалдаж аваад 120 сая төгрөгийн засвар хийж, шинэ цэцэрлэг боллоо. 

Мөн шинэ  цэцэрлэгтээ багийн дарга нарт Орон нутгийн хөгжлийн сангаас олгосон  12,5 сая төгрөгөөр хүүхдүүдийн хөнжил гудас, гал тогооны ахуйн хэрэглээний зүйлс зэргийг худалдан авч өгчээ.

Жаргалант сум 12 багтай. Тус сумын Бичигт багт хөдөөнөөс шилжиж ирсэн иргэд голдуу амьдардаг юм. 

                                                 А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ