Д.Трамп Солонгосын хойгийн асуудлаар Өмнөд Солонгос болон Японы удирдагчидтай утсаар ярьжээ

ДЭЛХИЙД | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-04-29 13:59:58
ВАШИНГТОН. /АП/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Солонгосын хойгийн асуудлаар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нартай өчигдөр утсаар ярьсан тухай “Ассошиэтед Пресс” агентлаг мэдээлэв.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар өнгөрсөн баасан гарагт дээд хэмжээний уулзалт хийх үеэрээ Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулж, 1950-1953 оны Солонгосын дайныг дуусгасан түр эвлэрлийн гэрээг “энхийн гэрээ” болгож өөрчлөхөөр тохиролцсон билээ.

Үүнтэй холбогдуулан Д.Трамп өчигдөр Мүн Жэ Ин, Шинзо Абэ нартай утсаар ярьсныхаа дараа “Мүнтэй удаан, сайхан яриа өрнүүллээ. Бүх юм сайхан болж байна” гээд, Ким Жөн Унтай хийх дээд хэмжээний уулзалтыг хаана, хэзээ хийхээ товлоод байгаагаа мэдэгджээ.

Мөн тэрбээр Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй хоёр Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын талаар ярилцсан байна. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахыг эрмэлзэж буйгаа Умард Солонгос үйлдлээрээ харуулах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаагаа Д.Трамп, Ш.Абэ нар харилцан илэрхийлжээ.
 
Г.Доржханд

Холбоотой мэдээ