Оюуны өмчийн газар, УБЕГ-ыг салгах тогтоолын төслийг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-04-27 19:53:03
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оюуны өмчийн газар болон Улсын бүртгэлийн ерөнхий газрыг салгаж, бие даан байгуулах талаар тусгасан Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжлээ. 

Засгийн газраас 2018 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг мөн хуралдаанаар шийдвэрлэлээ. Төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Тогтохсүрэн танилцуулав. 
Оюуны өмчийн газар болон Улсын бүртгэлийн ерөнхий газрыг бие даан байгуулснаар Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх, Монгол Улсын Үндсэн хуульд заасан оюуны өмчийн эрхүүдийг баталгаатай эдлүүлэх, иргэний оюуны бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх үндсэн эрх бүрэн хангагдах боломжтой болно хэмээн төсөл санаачлагч үзсэн байна. Төрийн байгуулалтын байнгын хороо 2018 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаараа төслийг хэлэлцээд гишүүдийн олонх нь хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй эсэхээр санал хураалаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66.1 хувь нь Оюуны өмчийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг бие даан байгуулах агуулга бүхий Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснээр өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.
Н.Туяа
Холбоотой мэдээ