Хоёр Солонгосын удирдагчид чин сэтгэлээсээ яриа хэлэлцээ хийнэ гэдгээ илэрхийлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-04-27 10:14:32
СӨҮЛ. /Ёнхап/.  Хоёр талын харилцаагаа сайжруулахын төлөө чин сэтгэлээсээ яриа хэлэлцээ хийнэ гэдгээ Өмнөд Солонгосын Ерөнийлөгч Мүн Жэ Ин, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар илэрхийлснийг “Ёнхап” агентлаг уламжлав.

Тэд одоо хоёр улсын хилийн бүсэд орших Панмүнжом тосгоны Өмнөдийн талд харьяалагдах хэсэгт дээд хэмжээний уулзалт хийж байгаа юм. Энэ нь 2007 оноос хойшхи хоёр Солонгос хоорондын анхны дээд хэмжээний уулзалт билээ.
 
Түүхэн уулзалтын эхэнд Умард Солонгосын удирдагч хэлэхдээ “Энэ уулзалтаас сайн үр дүн гаргахын төлөө чин сэтгэлээсээ, шударгаар яриа хэлэлцээ хийнэ гэдгээ би Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон энэ олон сэтгүүлчийн өмнө мэдэгдэж байна. Энэ уулзалт нь хоёр Солонгос хоорондын түүхийн шинэ үеийг эхлүүллээ" гэжээ.

Үүний хариуд Мүн Жэ Ин хэлэхдээ “Дээд хэмжээний уулзалт хийж байгаад баяртай байна. БНАСАУ-ын удирдагч, Солонгосын Хөдөлмөрийн намын дарга Ким Жөн Ун манай улсын нутаг дэвсгэрт хөл тавьж байгаа нь энх тайвны бэлгэ тэмдэг болж байна” гэсэн байна.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ