Сэтгүүлчдийг тагнаж, чагнасан гэх асуудлаар талууд байр сууриа ингэж илэрхийлэв

Монголын мэдээ | Улс төр
gantuya@montsame.mn
2018-04-26 15:07:15
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нэр бүхий сэтгүүлчдийг гэр бүлийн хүмүүсийнх нь хамт тагнаж чагнасан, сүрдүүлж машин руу нь буудсан гэх мэдээлэл гарсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман болон МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Өөрөөр хэлбэл асуудлыг тойрсон тал талын байр суурийг эдгээр хүмүүс хэрхэн илэрхийлснийг тоймлон хүргэж байна. 

"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаарт "Ц.Нямдорж сайдын даалгавраар сэтгүүлчдийг тагнасан гэв үү" гэх гарчигтай мэдээлэл нийтлэгдсэн. Уг мэдээлэлд, өөрийнх нь талаар мэдээлэл бэлтгэж байсан 9 сэтгүүлч, түүний ар гэрийн 30 хүний талаар мэдээллийг Ц.Нямдорж сайд ЭЦА-ны удирдлагуудад үүрэг өгсний дагуу хууль бусаар олж авч, тагнасан, үүгээр зогсохгүй машин руу нь буудаж сүрдүүлсэн гэх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд цацагдсан талаар бичжээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "ЭЦА-наас тагнуулын байгууллагад өгсөн гүйцэтгэх ажиллагааны мэдээлэлд сэтгүүлчийг тагнасан хэрэг байсан" хэмээн хариулсан талаар мөн бичсэн. Харин фэйсбүүк орчинд тархаад байгаа зурган мэдээллийг хаанаас гаргаж тавьсан нь тодорхойгүй байгаа бөгөөд уг мэдээлэлд, "ТВ-9" телевизийн сэтгүүлч Хүслэнбаатар, түүний эхнэр Уянга, Түвшинжаргал болон түүний гэр бүл, төрлийн нийт 30 сэтгүүлчийг тагнасан талаар өгүүлсэн байгаа юм. 
Тэгвэл сошиал орчинд түгээд байгаа ч үнэн бодитой эсэх нь тодорхойгүй уг мэдээллийн талаар хуулийн байгууллага, МСНЭ болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар ямар тайлбар өгснийг энд хүргэж байна.  



ПРОКУРОР: ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧ СЭТГҮҮЛЧИЙГ ТАГНАСАН ХЭРГИЙГ ХЯНАЖ БАЙНА

Энэхүү мэдээлэлтэй холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас 12.00 цагаас хэвлэлийн бага хурал зарлан, хяналтын прокурор Г.Бясман мэдээлэл хийв. Тэрбээр “Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтан гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомжийг зөрчиж, нэр бүхий сэтгүүлч болон хувь хүний нууцад халдсан гэх асуудлыг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналаа прокурорын газарт ирүүлсэн. Прокурорын газраас энэ хэргийг хянаж байна. Хэргийг хянаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй" хэмээх товчхон мэдээлэл өгсөн. Тодруулбал сэтгүүлчийг тагнасан хэргийн талаар гомдол ирсэн, тагнасан хүн нь цагдаагийн албан тушаалтан байсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах болсон аж. 


Ц.НЯМДОРЖ: БИ ЯМАР Ч СЭТГҮҮЛЧИЙГ ТАГНАЖ ЧАГНАХ ҮҮРЭГ ӨГӨӨГҮЙ 

Өөртэй нь холбоотой дээрх мэдээллийн талаар УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны завсарлагаанаар сэтгүүлчдэд дараах тайлбарыг өгөв.

-Сэтгүүлчдийг тагнасан чагнасан гэх Тантай холбоотой мэдээлэл яваад байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Би ямар ч сэтгүүлчийг тагнаж чагнах үүрэг өгөөгүй. Есөн сэтгүүлчийг тагнаж, чагнасан л гэнэ. Нэг сэтгүүлчийн машины дугуйг буудсан л гэнэ. Та нар намайг тагнадаг болохоос би сэтгүүлчдийг тагнаж байсан тохиолдол миний амьдралд байхгүй. Ер нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг гаргаж тавьснаас хойш намайг гүтгэх, айлган сүрдүүлэх явдал хэрээс хэтэрлээ. Эх захгүй явж байна. Үүний цаана муугаа нуух гэсэн л санаа байгаа юм.

-Та энэ асуудлаар мэдээлэл авахаар прокурорт хандсан уу?
-Үгүй. Цагдаагийнханд энэ ямар учиртай зүйл яригдаад байгаа, машины дугуй руу буудсан гэдэг нь ямар учиртай юм бэ гэдгийг тодруулж, хэвлэл мэдээлэлд үнэн бодитой мэдээлэл өгөхийг хэлсэн.
Хамгийн харамсалтай нь манай цагдаагийн нэг албан хаагч бурхан болсон. ЭЦГ-ын дарга байсан залуу Солонгост очиж хүнд хагалгаанд ороод байхад нь хардаж хэрэг үүсгэн, хүүхдийг нь сургууль дээр нь очиж хоргоогоод "Аав чинь хаана байна, юу хийж байгаа юм" гэх зэргээр айлган сүрдүүлсэн байгаа юм. Түүнийг нь мэдсэнийхээ дараа маш их гомдож, хоёр хоногийн дараа тархинд нь цус харваад харамсалтайгаар өөд болчихсон. Тэр залуугийн нэрийг хүртэл өнөөдөр тарааж байгаа гүтгэлэгтээ оруулчихсан байна. Энэ их аймшигтай зүйл болоод байна. Уржигдар Л.Болдыг, өчигдөр Ж.Батзанданг аваачиж байцаалаа. Үүний цаад санаа нь Ц.Нямдорж л гэж шуугиулах гээд байгаа юм.  

-Энэ гүтгэлэг тараасан гэж байгаа хүмүүсийнхээ нэрийг хэлж болох уу?
-За тэрийг цаг нь болохоор би хэлнэ. 

-УИХ дахь АН-ын бүлгээс Засгийн газрын хоёр сайдыг огцруулах асуудал тавиад байгаа. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Ч.Хүрэлбаатар бид хоёрыг огцруулна гэсэн санал тавьсан байна лээ. Сая бас чуулган дээр Д.Эрдэнэбаттай марзаганасан байдлаар ярьж байгаад гарч ирлээ. "Чи чинь Эрдэнэтийн 49 хувийн тогтоол дээр гарын үсэг зурчихсан, би тэрийг нь шалгачихсан байдаг. Чи намайг огцруулах санал тавьж байгаа нь ёс зүйтэй юм уу" гэх зэргээр ярьлаа. Эрдэнэтийн 49 хувийн асуудалд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарч, эдний тэвчээр барагдаж байх шиг байна. Өдрөөс өдөрт эвгүй зүйлс хууль хяналтын чиглэлд гарч ирж байна. Тэрэнд л сандарсан хүмүүс замын чулуугаа түүхийг бодоцгоодог юм байгаа биздээ. Чамгүй оролдож байгаа шүү намайг. Миний хүүхдийн эрхэлдэг багахан бизнесийнх нь материалыг хууль бусаар татаж авсан асуудал байна. Надаар, миний таньдаг хүмүүсээр оролдож, сэтгэлзүйн асар их дарамтанд оруулах гэж хичээж байна. С.Зориг агсан амьд байхдаа иймэрхүү байдалтай бүтэн жил амьдарсан. О.Дашбалбар, М.Зэнээ нар бас нас барахынхаа өмнө иймэрхүү нөхцөлд орж байсан. Одоо над дээр ирж байна. Юм бодогдож байгаа шүү. Надад ямар ч хамааралгүй асуудлыг хүртэл холбох гэж оролдож байна. Эрдэнэтийн 42 сая ам.доллар гээд яриад байгаа, хүмүүсийн хадгаламжийн асуудал зэрэг нь надад огт хамааралгүй, "ЖАСТ"-ын Ш.Батхүүг би огт танихгүй, уулзаж ч үзээгүй. 

 


Х.МАНДАХБАЯР: СЭТГҮҮЛЧИЙГ ТАГНАЖ, ЧАГНАСАН НЬ ҮНЭН БОЛ ХАТУУ ТЭМЦЭНЭ

"Сэтгүүлчийг тагнасан" гэх мэдээлэлд зарим сэтгүүлчид нэлээд шүүмжлэлтэй хандаж, хэвлэн нийтлэх, мэргэжлийн эрх чөлөөнд сөргөөр нөлөөлж буйг эсэргүүцэж эхэлсэн. Тэгвэл сэтгүүлчдийн мэргэжлийн хамгийн том байгууллага болох Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/ энэ асуудлаар байр сууриа илэрхийлж, МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр "Пума" зочид буудалд 14.00 цагаас мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “TВ9 телевиз сэтгүүлч Хүслэнбаатар түүний найз нөхөд, хамаатан садан бүхий 30 гаруй хүнийг тагнаж, чагнасан гэх мэдээлэл гарсан. Энэ мэдээлэлтэй холбоотой TВ9 телевизийн ТУЗ-ийн дарга Т.Баасансүрэнтэй уулзсан. Тэрбээр манайд Хүслэнбаатар гэдэг нэртэй хүн ажилладаггүй гэж мэдэгдсэн. Мөн бусад нэр нь холбогдсон зарим сэтгүүлчтэй холбогдоход бидэнд ийм асуудал байхгүй гэсэн мэдээлэл өгсөн. Өнөөдрийн байдлаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиалаар гарсан мэдээллээс өөр шинэ мэдээлэл алга. МСНЭ-ээс хариуцлагатай хэлье, хэрвээ сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой ямар нэгэн дарамт шахалт үзүүлж, тагнаж чагнасан асуудал байвал үүний эсрэг хатуу тэмцэнэ. Сэтгүүлчийнхээ эрхийг хамгаална. Хоёрт, асуудлыг судалж, тодруулахгүйгээр цааш нь ярьж болохгүй байна. Маргааш TВ9 телевизийн удирдлага, редакцийн төлөөлөлтэй МСНЭ уулзалт хийнэ. МСНЭ-ээс өнөөдөр ХЗДХЯ, Цагдаагийн Ерөнхий газар, Прокуророос мэдээлэл хүссэн албан бичиг хүргүүлсэн. Үүний дараа сэтгүүлчийн эрх ашиг зөрчигдсөн, тагнаж чагнасан гэх асуудлаар баттай мэдээлэл өгнө” гэлээ.

Ямартаа ч уг асуудлаарх тал талын байр суурь тодорхой болоод байна. Хуулийн байгууллагаас хэргийг эцэслэн тогтоогоогүй, хэн нэгнийг гэм буруутайг нь шүүх тогтоогоогүй байгаа тохиолдолд мэдээллийг олон нийтэд хүргэхдээ төөрөгдүүлэхгүй, нухацтай хандахыг сэтгүүлчдийн мэргэжлийн байгууллагаас зөвлөж буйг тодотгоё.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Т.Чимгээ

 
Холбоотой мэдээ