Улиастай хотын хогийн төвлөрсөн цэгийг цэгцэлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн төв Улиастай хотын хогийн төвлөрсөн цэг болох “Таван чихийн ам”-ны хогийн цэгийг тойруулан хамгаалалтын хашаа татаж, хогийг дарж булах, зарим газрыг нөхөн сэргээх, малын сэг зэмийг дарах нүх ухах, ариутгал хийх зэрэг тохижилтын ажлыг “Сүмсүндэр өргөө” ХХК хийж байна.
30 орчим жил хуримтлагдсан хогийн цэгийг яаралтай цэгцлэхгүй бол гол усруу орж, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх аюул тулгараад байсан юм. Тиймээс Завхан аймгийн удирдлагууд газар дээр нь очиж орчны нөхцөл байдалтай танилцжээ.
1988 оноос хойш энэхүү 7,5 га талбайд Улиастай сумын иргэд хог хаягдлаа төвлөрүүлсэн байна. Энд өдөрт 100 гаруй шоо метр хог хаягддаг. Зуны улиралд барилгын ажил явагдах үеэр илүү их хог асгадаг бол харуул, сахиулгүй үед иргэд дураараа талбайн гадна хогоо хаядаг байна. Айл өрх, уурын зуухнууд үнс нурмаа асгаснаас хог байнга шатаж, эргэн тойрон өмхий үнэрээр дүүрдэг. Өнгөрсөн хугацаанд хогийн цэгийн хогийг түрж тэгшлэхээс өөр үр дүнтэй арга хэмжээ авч чадаагүй байна. Мөн Авто замын ажил гүйцэтгэж байсан “Тэнгэр уул констракшн” ХХК энэ хогийн цэгээс нэг км орчим метр зайд карьер ухсан ч одоо хүртэл нөхөн сэргээлт хийгээгүй байна. Тиймээс тус компаниар нөхөн сэргээлт хийлгэх ажлыг хариуцан зохион байгуулахыг холбогдох байгууллагын удирдлагуудад аймгийн Засаг дарга үүрэг болголоо хэмээн Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
Б.Мягмарсүрэн