АЙЛЧЛАЛ: Газрын тосны үйлдвэрийн нарийвчилсан ТЭЗҮ-г хийж, Энэтхэгт суралцагсдын тоог нэмнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын /БНЭУ/ Гадаад хэргийн сайд Сушма Свараж энэ сарын 24-26-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд өнөөдөр хоёр орны сайд нар хэлэлцээ хийж, Монгол-Энэтхэгийн Хамтын ажиллагааны хорооны VI хуралдааныг даргалан явуулсан юм. Уг хорооны хурал нь өндөр түвшний хоёр талт зөвлөлдөх механизм бөгөөд хоёр улсын хамтын ажиллагааны өргөн хүрээ бүхий асуудлуудыг хэлэлцдэг. Хамгийн сүүлд 2016 онд Энэтхэг улсын Шинэ Дэли хотод болж байв.
Хамтын ажиллагааны хорооны VI хуралдаанаар хоёр орны гадаад харилцааны сайд нар улс төр, стратеги, худалдаа эдийн засаг, соёл урлаг ба боловсролын салбарт хамтран ажиллах талаар хэлэлцэж, 2015 оны 5 дугаар сард Энэтхэг улсын Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Нарендра Модигийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд зарласан хэд хэдэн төслүүдийн явцтай танилцлаа. Мөн хоёр тал цаашид эрчим хүч, худалдаа эдийн засаг, цахим аюулгүй байдал, хүчин чадал нэмэгдүүлэх, дэд бүтцийн хөгжил, үйлчилгээ, эм зүй, мэдээллийн технологи, боловсрол ба бусад салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов. Хоёр улсын хамтын ажиллагаа илүү өргөжих боломжууд буйг харгалзан худалдаа, аялал жуулчлал ба хүмүүс хоорондын харилцааг сайжруулахын тулд хоёр талд тулгарч буй саад бэрхшээлүүдийг, тухайлбал байгууллагын болон логистикийн хүндрэлүүдийг арилгах зорилгоор ажиллахаар тохиролцсон юм.

Айлчлалын хүрээнд өнөөдөр хоёр орны сайд нар хэлэлцээ хийж, Монгол-Энэтхэгийн Хамтын ажиллагааны хорооны VI хуралдааныг даргалан явуулсан юм. Уг хорооны хурал нь өндөр түвшний хоёр талт зөвлөлдөх механизм бөгөөд хоёр улсын хамтын ажиллагааны өргөн хүрээ бүхий асуудлуудыг хэлэлцдэг. Хамгийн сүүлд 2016 онд Энэтхэг улсын Шинэ Дэли хотод болж байв.
Хамтын ажиллагааны хорооны VI хуралдаанаар хоёр орны гадаад харилцааны сайд нар улс төр, стратеги, худалдаа эдийн засаг, соёл урлаг ба боловсролын салбарт хамтран ажиллах талаар хэлэлцэж, 2015 оны 5 дугаар сард Энэтхэг улсын Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Нарендра Модигийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд зарласан хэд хэдэн төслүүдийн явцтай танилцлаа. Мөн хоёр тал цаашид эрчим хүч, худалдаа эдийн засаг, цахим аюулгүй байдал, хүчин чадал нэмэгдүүлэх, дэд бүтцийн хөгжил, үйлчилгээ, эм зүй, мэдээллийн технологи, боловсрол ба бусад салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов. Хоёр улсын хамтын ажиллагаа илүү өргөжих боломжууд буйг харгалзан худалдаа, аялал жуулчлал ба хүмүүс хоорондын харилцааг сайжруулахын тулд хоёр талд тулгарч буй саад бэрхшээлүүдийг, тухайлбал байгууллагын болон логистикийн хүндрэлүүдийг арилгах зорилгоор ажиллахаар тохиролцсон юм.

СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХАРИЛЦААГ ЭДИЙН ЗАСГИЙН САЛБАРТ БЭХЖҮҮЛЖ,
БИЗНЕСИЙН ФОРУМ, ХУДАЛДААНЫ ЯАРМАГ ЗОХИОНО
Дараа нь дээрх асуудлуудыг хэлэлцэж, тохиролцсон Монгол-Энэтхэгийн Хамтын ажиллагааны хорооны VI хуралдааны протоколд хоёр орны гадаад харилцааны сайд нар гарын үсэг зурж, хамтарсан мэдэгдэл хийлээ.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, "Энэхүү айлчлал Энэтхэг улсаас Гадаад хэргийн сайдын түвшинд 42 жилийн дараа хийж буй анхны айлчлал гэдгийг онцлоод, Монгол-Энэтхэгийн Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг тодотгов. Тэрбээр мөн Хамтарсан хорооны хуралдаанаар хэлэлцсэн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлүүдийг танилцуулан, бүс нутаг, олон улсын хүрээн дэх хамтын ажиллагааны талаар санал солилцсон гэлээ. "Энэтхэг улс манай улсын чухал гуравдагч хөрш орон. Бид Стратегийн түнш улсуудын хувьд хоёр талын харилцааг хөгжүүлэхийн зэрэгцээ олон улс, бүс нутгийн хэмжээнд бие биеэ дэмжсэн нягт хамтын ажиллагааг улам бэхжүүлэхээр тохирлоо. Монгол-Энэтхэгийн хооронд Стратегийн түншлэл хэмээх гүн утга агуулгатай, удаан жилээр тогтсон харилцаа бий. Энэ мөн бидний оюун санааны ойрын түншийг хэлдэг. Түүхэн үеэсээ гэгээлэг, ирээдүйг харсан, эрдэмлэг оюун санааны харилцаагаа хөгжүүлж ирсэн нь хоёр орны харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хүртэл хөгжихөд суурь болсон" хэмээв.
Хамтын ажиллагааг өргөжүүлэх, үргэлжлүүлэхээр тохирсон салбаруудыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар онцлохдоо:
- Монгол, Энэтхэгийн батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа манай Стратегийн түншлэлийн харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хоёр орны "Нүүдэлчин зам" хамтарсан сургуулилтыг үргэлжлүүлж, Энэтхэгийн тал энхийг дэмжих ажиллагааны "Хааны эрэлд" олон улсын сургуулилтад үргэлжлүүлэн оролцох.
- Хил хамгаалах чиглэлд үр дүнтэй хамтран ажиллаж байгааг сайшааж, цаашид энэ чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллах
- Стратегийн түншлэлийг эдийн засгийн салбарт өргөжүүлэн бэхжүүлэх
- Худалдааг тэлэх, нэн ялангуяа Монголын экспортыг өсгөх шаардлага буйг тэмдэглэж, худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үүднээс хоёр улсын хувийн хэвшлийнхний хамтын ажиллагааг дэмжиж, Худалдааны яармаг, Бизнес форумыг ойр ойрхон зохион байгуулах
- Энэтхэг улсын нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд тохиролцсон Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг шуурхай чанартай хэрэгжүүлж, энэ хүрээнд ойрын үед нарийвчилсан ТЭЗҮ хийх
- Гадаад яамд хоорондын зөвлөлдөх уулзалтыг тогтмолжуулах, уул уурхайн экспертүүдийн түвшний хэлхээ холбоог идэвхжүүлэх
- Мэдээлэл технологийн салбарт хамтран ажиллаж, замын зураг гаргах, А.Б.Важпайн нэрэмжит Мэдээллийн технологи, аутсорсингийн төв байгуулах төслийг шуурхайлах
- Эрүүл мэндийн салбар, тэр дундаа уламжлалт анагаах ухааны салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн гүнзгийрүүлэх талаар ярилцан, харилцан тохиролцсон байна.

"ЭНЭТХЭГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛӨӨС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧИД
ШИНЭ БОЛОМЖ, ТӨСЛҮҮДИЙГ ОЛЖ ХАРААСАЙ"
ШИНЭ БОЛОМЖ, ТӨСЛҮҮДИЙГ ОЛЖ ХАРААСАЙ"
Энэтхэг улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж "Миний хувьд, Энэтхэг улсын гадаад хэргийн сайд 42 жилийн дараа Монголд ирж буй айлчлал болж буй ч өсөн нэмэгдэж буй хамтын ажиллагааны үр дүнд Гадаад харилцааны яамд хоорондын албан ёсны түншлэл айлчлал улам өргөжинө гэдэгт итгэж байна" хэмээн онцлов. Цааш нь тэрбээр, "Монгол Улс Энэтхэгийн Стратегийн түнш бөгөөд үүний зэрэгцээ оюун санааны томоохон хөрш орон. Энэтхэгчүүд Монгол Улсыг хүчирхэг хаад ноёдоор нь төсөөлдөг, буддын шашны том өв уламжлалыг нь мэддэг. 65 жилийн турш бэхжиж ирсэн дипломат харилцаа, хамтын ажиллагаа харилцан хүндэтгэл, итгэлцэл дээр суурилж, Стратегийн түншлэлийн харилцаанд хүртлээ хөгжиж байна. 2015 онд Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди анх удаа Монгол Улсад айлчилсан түүхэн айлчлалын үед харилцааг улам бүр бэхжүүлэх, өргөжүүлэх талаар олон асуудал ярьсан байдаг. Бид өнөөдрийн хуралдаанд энэхүү хамтын ажиллагааг илүү өргөжүүлэх боломж байгааг ярилцсан. Хоёр талын улс төрийн харилцааг эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр улам өргөжүүлэх боломжтой" гэлээ.
Энэхүү айлчлалаас Энэтхэг улсаас Монголд олгож байгаа нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн талаар яриа хэлэлцээ хүлээлт үүсээд байсан. Харин уг төслийн талаар хоёр орны сайд нар ярилцаж, Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн судалгааг нарийвчлах, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд санал нэгдсэн талаар Гадаад хэргийн сайд Сушма Свараж хэллээ. "Төсөл хэрэгжүүлэх үе шатанд ч хоёр талын албаны хүмүүс байнгын харилцаатай байх боломжтой. Энэтхэг улс эдийн засгийн өсөлтийн хувьд хурдацтай орнуудын тоонд орж байгаа. Монголын хувьд байгалийн баялгийн арвин нөөцтэй, цаашдаа хөгжлийг хангахад хүчин чармайлт гаргаж буй орон. Тиймээс Энэтхэг улстай эдийн засгийн хамтын ажиллагаа, ялангуяа Газрын тос боловсруулах төслийн хувьд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна" хэмээсэн юм.
Түүнчлэн "Шинээр хамтран ажиллах боломжтой талбаруудын тухайд дэд бүтэц, эрчим хүч, үйлчилгээ, эмийн үйлдвэрлэл, мэдээллийн технологи болон мэдлэгт суурилсан эдийн засгийн талбарууд байна. Энэтхэгийн эдийн засгийн хөгжлийн боломж бололцоог ашиглан Монголын бизнес эрхлэгчид шинэ боломж, төслүүдийг олж хараасай. Бид мөн хоёр талын аялал жуулчлал, хүмүүс хоорондын харилцаанд түлхэц болох зорилгын хүрээнд Шинэ Дэли-Улаанбаатар хооронд шууд нислэг үйлдэх боломж нөхцлийг судлах нь зүйтэй" хэмээлээ.
Тэрбээр, бүс нутгийн чанартай болон олон улсын түвшинд өөрт хамаатай асуудлаар хамтран ажиллаж, терроризмтай тэмцэхэд хамтарч, харилцан бие биенээ дэмжих боломжтой. Бидний зүгээс Монгол Улс Зүүн хойд Азийн бүс нутгийн тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэх боломжтой гэж үзэж байгаа. Тиймээс энэ бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, эдийн засаг, хөгжил цэцэглэлтэд Монголын нийгэм эдийн засгийн хөгжил тодорхой нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна хэмээв.


ЖИЛ БҮР МОНГОЛЫН 10 СЭТГҮҮЛЧИЙГ ЭНЭТХЭГ УЛСТАЙ ТАНИЛЦУУЛАХ
ХӨТӨЛБӨР ЗОХИОН БАЙГУУЛНА
ХӨТӨЛБӨР ЗОХИОН БАЙГУУЛНА
Айлчлалын хүрээнд ярьсан нэг чухал сэдэв нь хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар байв. Монголын оюутан залуус, төрийн албан хаагчдад тэтгэлэг олгох зэргээр хүний нөөцийг хөгжүүлэхэд Энэтхэг улсын Засгийн газар үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн. Цаашид Энэтхэг улс нэр хүндтэй их дээд сургуулиудад боловсон хүчин бэлтгэх, төрийн өндөр болон дунд шатны албан хаагчдыг засаглал, төрийн захиргааны чиглэлээр хамруулах санал тавьжээ. Мөн Монголын залуу дипломатуудыг олон улсын эрх зүйн чиглэлээр сургах талд Энэтхэгийн тал дэмжлэг үзүүлэхээр ярьсан байна.
Түүнчлэн Гадаад хэргийн сайд хатагтай Сушма Свараж Монголын сэтгүүлчдийг сургахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, жил бүр Монголын 10 сэтгүүлчийг Энэтхэг улстай танилцах хөтөлбөрийг зохион байгуулах болсон байна. Мөн хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжихээ илэрхийлж, кино урлаг, телевизийн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцжээ. Тэрбээр мөн Монголын оюутнуудад зориулан мэргэжлийн сургалтуудыг нэмэх, соёл урлаг, хөгжим, Буддын шашин судлал зэргээр Энэтхэгт суралцах боломжтойг онцолж байв.
Зөвхөн дээд боловсролын хүрээнд хамтран ажиллах бус Монгол-Энэтхэгийн найрамдалт дунд сургуулийг Монголд байгуулах ажлыг шуурхайлна гэлээ.
Дашрамд дурдахад, Энэтхэг улсын Засгийн газрын Техник, Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд Монголоос жил бүр 110 орчим хүнд богино хугацааны сургалтын тэтгэлэг өгч, тус улсад суралцах боломжоор хангаж ирсэн билээ. Энэхүү хөтөлбөрт хамрах боломж бололцоог цаашид нэмэгдүүлэх нь зүйтэй гэж Энэтхэг улсын Гадаад хэргийн сайдын айлчлалын хүрээнд ярилцжээ.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал