АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшигчийг тодруулах санал асуулга эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-04-24 13:44:50
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх “Иргэний танхим”-д Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын дарга, дэд даргад нэр дэвшигчийг өнөөдрөөс эхлэн 7 хоногийн хугацаанд иргэдээс санал авч тодруулах болсон талаар мэдээлэл хийв. 
Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 21-р зүйлийн 21.1-д “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ  6 жилийн хугацаанд томилно” гэж заасан байдаг талаар ЕТГ-ын дарга З.Энхболд мэдээллийн эхэнд иш татаад “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга, дэд даргыг санал болгох эрхээ ард түмэнтэйгээ хамтарч хэрэгжүүлнэ” гэсэн юм.
Ингэснээр өнөөдрөөс эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан ёсны www.president.mn цахим хуудсаар АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх иргэдийн саналыг авч эхлэхээр болж байна.
АТГ-ын дарга, дэд даргад хамгийн олон давтагдсан нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга, дэд даргаар томилуулахаар УИХ-д санал оруулах аж.
Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Авлигын эсрэг хуульд зааснаар АТГ-ын даргад нэр дэвшигч нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал хашиж байгаагүй хүн байх ёстой. Тиймээс нэр дэвшигч уг шаардлагуудыг хангаж байх ёстой” хэмээсэн юм.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Eрөнхийлөгчийн зүгээс АТГ-ын дарга, дэд даргад ямар хүн нэр дэвшүүлэхгүй гэсэн шалгуур тавьж байна вэ?

-АТГ-ын дарга, дэд даргыг ард түмэнтэйгээ хамт сонгоно гэж үзэж, санал асуулга явуулж байгаа. Ард түмнийхээ дэвшүүлж буй хүнийг авч орно гэж байгаа юм.

-Одоогийн АТГ-ын дарга болон дэд даргын үүрэгт хугацаа дуусаагүй гэх яриа байгаа.  Ерөнхийлөгчийн зүгээс санал оруулах нь зөв үү?

-Энэ асуудлыг УИХ шийднэ.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хуульчдын үзэж буйгаар АТГ-ын дарга, дэд даргын үүрэгт хугацаа дууссан.
Н.Гантуяа
Холбоотой мэдээ