Арменийн тэргүүн шадар сайд сөрөг хүчнийхэнтэй уулзах бодолтой байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-23 11:33:23
ЕРЕВАН. /РИА Новости/. Олон нийтийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа хүндхэн нөхцөл байдлыг зохицуулахын тулд яриа хэлэлцээ хийх боломж бий гэж Арменийн тэргүүн шадар сайд Карен Карапетян үзэж байна.
 
“Бид сонор сэрэмжтэй байх хэрэгтэй гэж би иргэн хүнийхээ хувиар үзэж байна. Улс төрийн тоглоомд 12 настай хүүхдүүд татагдан орж байна. Энэ бол байж боломгүй зүйл. Бие биенээ хүндэтгэн сонсож, яриа хэлэлцээ хийхийг уриалах хэрэгтэй. Олон хүн цугларах үед тэднийг удирдан чиглүүлэх хэцүү бөгөөд тэдний дунд өөр зорилгоор ирсэн хүмүүс ч цугласан байж болох юм. Гэмт бүлэглэл, гадны дайсан ард иргэдийг турхиран өдөөн хатгаж болзошгүй. Шийдвэр гаргаж байгаа бид бүхэн зоримог, шийдэмгий байхаас гадна юу тохиолдож болзошгүй вэ гэдгийг ойлгох, хариуцлага хүлээх ёстой” гэж К. Карапетян хэлжээ.

Өнгөрсөн ням гарагт болсон Арменийн Ерөнхийлөгч асан Серж Саргсяныг ерөнхий сайдаар сонгогдохыг эсэргүүцсэн жагсаал цуглааныг цагдаа нар тусгай арга ашиглан зогсоожээ. Жагсаал цуглаан болохоос өмнө сөрөг хүчний удирдагч Никол Пашинян болон С.Саргсян нар гурван минут үргэлжилсэн яриа хэлэлцээ хийсэн хэдий ч үр дүнд хүрээгүй байна.
 
Арменийн Ерөнхийлөгч асан С.Саргсяныг тус улсын ерөнхий сайдаар сонгогдохыг эсэргүүцсэн ажиллагаа энэ сарын 13-с эхэлсэн юм. Сөрөг хүчнийхэн түүнийг улс орноо удирдах чадваргүй бөгөөд эдийн засгийн нөхцөл байдлыг дордуулж байна хэмээн буруутгаж байгаа юм. 

Эсэргүүцлийн ажиллагаа өрнөсөн хэдий ч Арменийн парламент С.Саргсяныг ерөнхий сайдаар өнгөрсөн мягмар гарагт сонгосон юм. Арменийн шинэ үндсэн хуульд зааснаар ерөнхий сайд улс орны хамгийн өргөн бүрэн эрх мэдэлтэй хүн байх бөгөөд тэрбээр төрийн удирдлага болон гүйцэтгэх засаглалыг тэргүүлэх юм. 
 
Э.Аянзаяа
Холбоотой мэдээ