Улсын чанартай зам дагуу газар олгоход баримтлах бодлоготой болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-04-22 10:12:26
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ “Улсын чанартай авто зам дагуух газрыг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлж, өмчлүүлэхэд баримтлах чиглэл”-ийг  улам боловсронгуй болгон бодлого гаргаж хэрэгжүүлэх зөвлөмжийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт өглөө.
- Хөдөөгийн хүн амын хот руу чиглэсэн шилжих хөдөлгөөн багасах, орон нутгаар дайран өнгөрөх улсын чанартай зам дагуу иргэд бизнесийн үйл ажиллагаа эрхэлж, амьжиргааны түвшингээ нэмэгдүүлэх, нийгмийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэхээр “Улсын чанартай авто зам дагуух газрыг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлж, өмчлүүлэхэд баримтлах чиглэл”-ийг гурван жилийн өмнө батлуулсан юм. Энэ зориулалтаар эзэмшүүлэх, өмчлүүлэх газрыг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган ИТХ-р батлуулан газар олголтыг хийж байгаа боловч газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний хугацаа дууссан шаардлага хангахгүй болсон мөн нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө, зураг төслийн баримт бичиг хийлгээгүйн улмаас хэрэгжих боломжгүй байна.
Газар зохион байгуулалтын асуудлыг хэрэгжүүлэхэд нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэй зайлшгүй уялдуулах, төсөв хөрөнгийн асуудлыг шат дараалалтай шийдвэрлэх шаардлагатай байгаа юм гэж аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Ү.Бямбасүрэн ярилаа.
Тус аймагт 2015-2017 оны байдлаар улсын чанартай авто зам дагуу нийт 498 иргэнд 35,29 газрыг өмчлүүлэхээр төлөвлөж, 331 иргэнд 23,27 га газрыг өмчлүүлсэн байна. Мөн иргэн, хуулийн этгээдэд нийт 60,9 газрыг эзэмшүүлэхээр төлөвлөснөөс 355 нэгж талбарын 36,58 га газрыг эзэмшүүлжээ.
Таван жилийн өмнө улсын чанартай авто зам дагуу 6 сумын 7 байршилд 1697 га газарт улсын чанартай авто зам дагуу Монгол Улсын иргэнд өмчлүүлэх боломжтой газрын нөөц, хэмжээ, байршлыг тогтоон, байр зүйн зураг, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа, газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулсан байна. Түүнээс Гурванбулаг, Сайхан, Сэлэнгэ, Могод сумын улсын чанартай авто зам дагуу өмчлүүлэх боломжтой нөөцөөр тогтоогдсон газарт хүн амын төвлөрөл, дэд бүтцийн асуудлаас хамаарч газар олголт хийгдээгүй байгаа аж.
М.Батжаргал

Холбоотой мэдээ