Л.Энхболд: 20 гаруй сая ам.долларын 268 мянган тонн нүүрс алдагдсан нь тодорхой байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-04-18 14:34:54
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Л.Энхболд Таван Толгойн талбайгаас 268 мянган тонн нүүрс алга болсон гэх асуудалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.

“Эрдэнэс Таван Толгойн” ХХК-ийн Таван Толгойн уурхай дахь талбайгаас нүүрс алга болсон тухай асуудал сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон. Үүнтэй холбогдуулж өөрт байгаа мэдээллээ нийтэд мэдээллэх гэж буйгаа Л.Энхболд гишүүн хэлэв.
Тэрбээр “Уул уурхай дагасан зохион байгуулалттай гэмт хэргийн мафижсан бүлэглэл бий болоод байна. 3 3 дугаар сарын 20-нд "Еtoim.mn" гэсэн сайт дээр “Эрдэнэс Таван Толгойн” нутаг дэвсгэрээс 268 мянган тонн нүүрсийг орон нутгийн өмчит "Таван Толгой" ХХК хил давж олборлосон байна гэсэн мэдээлэл гарсан. Энэ асуудлаар би Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагуудад хандаж, бодит мэдээлэл ирүүлсэн. Мэргэжлийн хяналтаас "Эрдэнэс Таван Толгой", орон нутгийн "Таван Толгой" хоёрын хамтран гаргасан ажлын хэсгийн акт ирсэн. Акт дээр "Эрдэнэс Таван Толгой"-н лицензтэй талбайгаас 268 мянган тонн нүүрсийг орон нутгийн өмчит "Таван Толгой" давж олборлосон байна гэдгийг баталгаажуулсан. Тиймээс хоёр компанийн хэн нь буруутайг тогтоолгохын тулд би 3 дугаар сарын 26-нд АТГ-т энэ хэргийг өгсөн" гэв.
Мөн тэрбээр "Монголын иргэн бүрийн эзэмшдэг "Эрдэнэс Таван Толгой"-гоос 268 мянган тонн нүүрс өнөөдрийн ханшаар 20 орчим сая ам.долларын нүүрс тодорхойгүй алга болчихоод байна. Нөгөө талаар орон нутгийн "Таван Толгой" холбогдвол өрөнд орох магадлалттай байна. 268 мянган тонн нүүрсийг хэн авсан бэ, мөнгө нь хаашаа явсан байна вэ гэдгийг АТГ тогтоох ёстой. Энэ нүүрсийг хэдэн оны хэдэн сард, ямар компани авсан бэ гэдэг нь шалгалтын явцад тогтоогдоно" гэлээ.
Тэрбээр 268 мянган тонн нүүрс алдагдсан нь тодорхой ч нөгөө талаас энэ нүүрсийг хулгайлсан гэсэн хардлага байгаагаа хэлж байв. Учир нь 2013 онд ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст 2010-2011 онд Гаалийн мэдүүлэггүйгээр 379 мянган тонн нүүрс хилээр гаргасан гэсэн баримт байгаа аж. Энэ нь 60-70 тоннын даацтай 3758 машин нүүрс бөгөөд одоо болтол хууль хяналтын байгууллагынхан эцэслэн шийдвэрлээгүй байна гэв. Тиймээс 268 мянган тонн нүүрс ийм замаар явчихсан юм биш биз гэсэн хардлага төрүүлж байгаа учир цаашид шалгуулахаа мэдэгдэв.
Үүгээр зогсохгүй 4.2 сая мянган тонн нүүрсийг Таван Толгойн мөргөцөгүүдээс олборлосон байж болзошгүй гэсэн мэдээлэл ирсэн гэв. Хэрвээ энэ асуудал баталгаажвал Монголын эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлж байна. Нүүрс дагасан, нам дамжсан маш том мафийн бүлэглэл бий болжээ. Ийм хэмжээний нүүрс алга болсон бол эзэн холбогдогчийг нь заавал тогтоох ёстой. Энэ асуудал хэдэн жил ингэж явсныг бид мэдэхгүй. Энэ хулгайд ганц компани оролцоогүй. Төрийн байгууллага, хууль хяналтын байгууллагууд шүлжээ болсон байна. Үүнийг л гаргаж тавьж, хурдан шийдвэрлэх хэрэгтэй байна гэсэн юм.

Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан.

-286 мянган тонн кокосжсон нүүрс, исэлдсэн нүүрс гэсэн өөр өөр мэдээлэл гараад байгаа. Тухайн орд газар нь ямар нүүрстэй вэ?
-268 мянган тонн нүүрс Таван Толгойн орд  газрын нутгаас гарсан. Энэ орд газрын нүүрс 70-аас доошгүй ам.доллароор зарагддаг кокосжсон нүүрс. Исэлдсэн нүүрс бол өөр үнэтэй. Тиймээс мэргэжлийн байгууллагуудаар исэлдсэн нь хэд, кокосжсон нь хэд вэ гэдгийг тогтоох хэрэгтэй. Гэхдээ аль нь ч байсан хулгай. Ер нь бол исэлдсэн нүүрс авах компани байхгүй.
-379 мянган тонн нүүрс алга болсон гэдэг асуудал дээр Цагдаагийн байгууллага хэзээ дүгнэлт гаргасан бэ?
-Цагдаагийн байгууллагын дүгнэлт гараагүй. Эхлээд хуулийн байгууллага 286 мянган тонн нүүрсний хэргийг шалгаад он сар нь 379 мянган тонн нүүрс гаргасан хугацаатай таарч байвал энэ хулгай нэг замаар явж байгаа юм гэсэн үг. 268 мянган тонн алга болсныг Мэргэжлийн хяналтын байгууллагын Уул уурхай хариуцсан байцаагч хэмжилт хийж тогтоосон.
-Хоёр компанийн лицензийн заагийг хэрхэн тодорхойлдог вэ?
-Хоёр компанийн удирдлага хилийн зурвасыг тогтоодоггүй. Ашигт малтмалын газрын тосны хэрэг эрхлэх газар өгсөн кадастрынхаа хэмжээгээр хязгаар тогтоосон байгаа. Тэр лиценз хэзээ олгогдсон бэ гэдгийг тогтоох хэрэгтэй. Лицензийн зөвшөөрөл авсан талбайгаас нүүрс олборлосон л бол Монголын ард түмний өмчөөс авсан гэсэн үг.
-Орон нутгийн "Таван Толгой" компани дээр танд ашиг сонирхлын зөрчил байна уу? Таныг ТУЗ-д нь өөрийнхөө хүнийг оруулах гээд ярьж байна гэсэн мэдээлэл гараад байгаа дээ?
-Миний ашиг сонирхол байхгүй. 1998 онд Таван Толгойн 49 хувь минийх байсан. Түүнээс хойш ямар нэгэн байдлаар энэ компанитай холбогдоогүй. Тэр хувьцаа бол миний зөвшөөрөлгүй хэн нэгний гарт очсон. Өнөөдрийг хүртэл би энэ хэргээр маргаан үүсгээгүй. Энэ нь надад нэг кг ч нүүрсний сонирхол байхгүй гэдгийг харуулах байх.
-Энэ их хэмжээний нүүрс хэдхэн хоногт гарах боломжгүй гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд хэлсэн. Яг хэдий хугацаанд гарсан талаар мэдээлэл байна уу?
-Таван Толгой ХХК 2017 оны 5 дугаар сарын 23-аас сарын хугацаанд бүх үйл ажиллагааг зогсоогоод нэг хятад компанид нүүрс олборлох эрх олгосон. Энэ бас ноцтой асуудал. Энэ үеэр бүх хүчин чадлаа ашиглаад 268 мянган тонн нүүрсийг нэг сарын дотор гаргаж болно.

Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ