Тариаланчдын зөвлөлгөөнийг гурван бүсэд зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-04-13 19:17:02
Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг энэ хавар тариаланчдын зөвлөлгөөнийг гурван бүсэд буюу Бүрэгхангай, Хутаг-Өндөр сум, Хялганат тосгонд зохион байгуулж, аймгийн удирдлага болон Ургамал газар тариалангийн хүрээлэн, “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн мэргэжилтэн, тариаланчид, ногоочид оролцлоо.
-Газар тариалангийн үйлдвэрлэлд технологийн горимыг мөрдөх нь хамгийн чухал гэдгийг өнгөрсөн жилийн сургамж харуулсан. Гантай жил тариалалт, ургац хураалтыг технологийн горимын дагуу хийснээр нэгж талбайгаас 8.5 центнер ургац авч, ургацын чанар сайн байсан. Тиймээс энэ жилийн цаг агаарын урьдчилсан төлөвийг тооцоолж, бүс, орон нутгийн орчин нөхцөлд тохируулан агро зөвлөмж, тариалалтын бодлого гаргаж хэрэгжүүлэхээр гурван газарт тариаланчдын зөвлөлгөөнийг зохион байгуулж байна. Тухайн орон нутагт газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа мэргэжилтэн, тариаланчдын арга барил, санал бодлыг харгалзан тариалалт хийх зөвлөмж гаргаж хэрэгжүүлнэ гэж аймгийн Засаг даргын орлогч О.Гантулга ярилаа.
Өнгөрсөн онд байгалийн эрсдлийг бууруулах технологийн зөвлөмжийг ягштал баримтлан ажилласан Хангал, Бугат, Сэлэнгэ сум, “Хонгор агро”, “Молор эрдэнэ түрүү”, “Сүмийн нуга” ХХК хамгийн өндөр ургац хураан авсан байна.        
М.Батжаргал
Холбоотой мэдээ