Асгат сумын иргэд төрийн 10 гаруй байгууллагын үйлчилгээг нэг дороос авав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-04-13 15:21:11
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ, Асгат сумын ЗДТГ хамтран “Төрийн үйлчилгээг иргэдэд” өдөрлөгийг зохион байгууллаа. Мэргэжлийн хяналтын газар, Газрын харилцаа,  барилга хот байгуулалтын газар, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Аймгийн нэгдсэн эмнэлэг зэрэг 10 гаруй байгууллагын мэдээ мэдээлэл, үйлчилгээг Асгат сумын иргэд нэг дороос авсан юм.

“Сумын иргэд болон хөдөөний багийн иргэд маань төрийн үйлчилгээг тэр бүр авч чаддаггүй. Харин өнөөдрийн энэ өдөрлөгөөр иргэд маань төрийн арав гаруй байгууллагын үйлчилгээг газар дээр нь авч, зарим асуудлуудаа шийдвэрлүүлж байгаа нь үнэхээр өндөр ач холбогдолтой ажил болж байгаад талархалтай байна. Хөдөөний иргэдийн хувьд тээврийн хэрэгслийн гэрчилгээний зөрчилтэй, эсвэл огт бичиг баримтгүй байх тохиолдол элбэг байдаг. Энэ бүх асуудал өнөөдөр сумандаа шийдэгдэж байгаа нь иргэдийн маань цаг хугацааг хэмнэсэн ажил боллоо” гэж Асгат сумын засаг дарга У.Мөнхбаяр хэлэв.

Асгат сум нь 535 өрхийн 1800 гаруй иргэнтэй. Эдгээр иргэдийг аймгийн ИТХ-д нэг төлөөлөгч төлөөлдөг. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Асгат суманд багагүй ажлууд хийгдсэн ч нэн шаардлагатай байгаа зарим асуудлыг энэ ондоо багтаан хийж хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэдгийг иргэд төлөөлөгчид уламжилж байлаа.

“Би тойргоосоо сонгогдсоноосоо хойш 20 дахь удаагаа төрийн ажлаар ирж ажиллаж байна. Энэ онд манай суманд хэд хэдэн томоохон ажлууд хийгдэхээр төлөвлөгдсөн. Жишээлбэл, Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 350 сая төгрөгөөр соёлын төвийн их засвар, ундны ус цэвэршүүлэх төхөөрөмжийн шинэчлэл, хөдөөний бүх багуудаа хээрийн сайтад холбож харилцаа холбоог сайжруулах зэрэг ажлууд хийгдэнэ. Мөн нутгийн иргэдийн 10 гаруй жилийн хүсэлт болох спорт заалны ажил энэ онд эхлэхээр болсон. ” гэдгийг аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалан хэллээ.
Т.Одончимэг
 
Холбоотой мэдээ