С.Чинзориг: Нийтээр амрах тэмдэглэлт өдрүүд бямба ням гарагт таарвал нөхөн амраана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-04-13 12:34:21
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн түвшинд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, “Хамгийн ярвигтай хууль бол Хөдөлмөрийн тухай хууль юм. Социализмын үед ганцхан хууль буцаж байсан нь энэ хууль юм. Нэг талдаа ажил олгогчийн, нөгөө талдаа ажилтны эрх ашгийг хэрхэн тэгш жинлэх вэ гэдэг бол чухал асуудал. Сүүлийн үед манай иргэд яасан их амардаг юм бэ гэдэг болоод байна. Ажил амралтын харьцааг хуулиндаа хэр хангасан бэ. Мөн 40-өөс дээш насныханд ажил олдохгүй байна. Энэ асуудалд хэрхэн анхаарсан бэ" гэсэн асуудлыг тодруулав. Эл асуултад Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, "Ажил амралтын цагийн хувьд хуулинд өөрчлөлт оруулаагүй. Долоо хоногт 40 цаг, нэг өдрийн ажлын 8 цаг байх заалт хэвээр үйлчилнэ. Харин амралтыг шилжүүлэн тооцох нэг хувилбар оруулж өгсөн. Өөрөөр хэлбэл, нийтээр амрах тэмдэглэлт өдрүүд бямба ням гарагт таарвал ирэх 7 хоногийн эхний ажлын өдрүүдэд нөхөж амраадаг болох өөрчлөлт орсон. Амралтын өдөр олон байна гэсэнтэй санал нэг байна. 14 хоногоос дээш хоног амардаг эхний 30 орны тоонд манай улс ордог юм билээ. Энэ асуудлыг байнгын хорооны түвшинд яриад нааш цааш болгож болно" хэмээн хариулсан юм.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, “Ажилтны эрх ашгийг нэлээн сайн хамгаалсан нь сайшаалтай. Гэхдээ энэ олон шаардлагыг хэн дааж ажиллах юм бэ. Бизнес эрхлэгч гэдгийг мөлжигч гэж харсан шиг байна. 100-гаас дээш, 500, 1000-гаас дээш ажлын байр бий болгосон ажил олгогчид хөнгөлөлт олдох уу. Энэ хаанаас судалсан туршлага вэ. Ямар хөдөлмөр эрхлэлтийг илүү дэмжих вэ. Одоо компаниуд олон хүн ажиллуулахаас зайлсхийх болсон. Уг нь олон хүн ажиллуулж байж компани, улс орон хөгжинө. Энэ хуулийн чинь цаг нь болоогүй байна. Халааснаасаа нэг ч төгрөг өгч бусдыг цалинжуулаагүй хүн боловсруулсан хууль байна. Тиймээс дэмжихгүй” гэсэн байр суурьтай байв. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, “Олон улсын хөдөлмөрийн байгууллагын зөвлөмжийг олон жил авч ажиллаж байна. Энэ хууль 10 яригдсаны эцэст УИХ-ын босго давж орж ирсэн. Үйлдвэрчний эвлэлээс ирсэн саналуудын 80 хувийг хуулинд тусгасан. Үлдсэн 20 хувийг хуулинд тусгахаар ажиллана. Хоёр талын эрх ашгийг хангахад хуулийн төсөл чиглэсэн" гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, “Нэг хүнийг хөдөлмөрийн дөртэй болгоход цаг хугацаа, хөрөнгө мөнгө их зарцуулдаг. Хүнд оруулсан хөрөнгө оруулалт бол  маш том хөрөнгө оруулалт байдаг. Өнөөдөр хэдэн хүн сургаад байтал гадны компаниуд өндөр цалин амлаад ажилд авчихдаг. Энэ тал дээр дотоодын аж ахуй нэгжүүд их хохирдог" гэсэн юм. Улсын хэмжээнд одоогийн байдлаар 1,2 сая ажиллагсад байдаг.  Үүний 80 хувь нь хувийн аж ахуй нэгжид ажилладаг аж. Түүнчлэн тус хуулийн төсөлд хүүхдийн хөдөлмөр эрхлэх насыг 15 гэж заасан байна.
Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа санал хураалт явуулахад олонх хуулийг үргэлжлүүлэн хэлэлцэхийг дэмжсэн тул дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Б.Туул
Холбоотой мэдээ