Ховдын малчид ямаагаа самнаж эхлээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-04-10 18:24:26
Ховд/МОНЦАМЭ/ Энэ хавар үе үе хүчтэй хүйтэн салхи шуурч, мал тарга тэвээрэг муутай, нялх ногоо хэнзлээгүй байгаа учраас Ховдын малчид ямаагаа бараг самнаж эхлээгүй байна. 

Гэхдээ энэ жилийн хавар  ноолуур нэг кг нь 70,0 мянган төгрөгийн ханштай эхэлж байна. Агаар хуурайшилт ихтэй байгаа учир ямааны  бургиа буюу тоосжилт ихтэй байгаа ба малчид үхэж хорогдсон ямааны арьснаас самнасан ноолуур кг нь 50,0 мянган төгрөгийн ханштай байна. Малчид ноолуураа ихэнхдээ хувиараа Хятад руу нийлүүлдэг бол 10-20 хувийг үндэсний Гоёо, Говь үйлдвэрүүд авдаг байна. 
Ноолуур боловсруулахад өөрийн өртөг их шингэдэг учраас малчдаас нэгдсэн журмаар авдаг үндэсний үйлдвэр бараг байдаггүй. Энэ жил Сүхбаатар, Хэнтий, Дорнод зүгийн аймгуудад ноолуурын зах зээлийн ханш кг нь 100,0-105,0 мянган төгрөгийн ханштай гарсан байна. Харин Ховд аймгийн хувьд байгаль цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалж малчид малаа бодож сайн дулаарахыг хүлээдэг, орой самнадаг учир хялгас ихтэй байдаг ба одоогоор  дөнгөж эхлэх төдий байгаа юм.
Ер нь жилийн жилд тавдугаар сарын 1-нээс Ховдод ноолуур зах зээлд гарч эхэлдэг юм.
                                                                                                                      А.Бямбасүрэн
 

Холбоотой мэдээ