Худалдааны бараа эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-04-09 15:07:20
Бээжин /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын улс төрийн харилцаа, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар болон олон улс, бүс нутгийн асуудлаар өргөн хүрээнд санал солилцов.

Хэлэлцээний үеэр талууд хоёр орны харилцаа бие, биеийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх зарчмын дагуу тогтвортой хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж, өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, парламент, улс төрийн намуудын солилцоог улам бүр бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ. Мөн ирэх онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг өргөн хүрээнд хамтран тэмдэглэхээр тохиролцов.

Хоёр улсын худалдааны бараа эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтын хүрээнд хамтын ажиллагааны механизмуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, хоёр улсын хөгжлийн стратегийг уялдуулах, худалдаанд тулгарч буй тарифын бус саад тотгорыг арилгах, үйлдвэрлэлийн чадавхи, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эдийн засгийн хөгжил, ард иргэдийн ахуйн амьжиргааг дээшүүлэхэд тустай төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг түргэтгэхээр санал нэгдлээ. Тухайлбал, Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн төсөл, гэр хорооллын дахин төлөвлөлт зэрэг БНХАУ-ын Засгийн газраас олгох хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төслүүдийг ойрын үед эхлүүлэхээр болов.

Талууд мөн цаашид хөдөө аж  ахуй, эрчим хүч, уул уурхай, транзит тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нөөц боломж ихтэйг онцолж, холбогдох байгууллага, аж ахуйн нэгж хоорондын яриа хэлэлцээг идэвхжүүлэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Түүнчлэн Монгол, Хятад, Оросын гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр тохиролцсон төслүүдийг урагшлуулахын төлөө байгаагаа илэрхийллээ. 

Албан ёсны хэлэлцээний дараа хоёр улсын Ерөнхий сайд нар Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцов.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлал Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшуд бараалхалтаар үргэлжилж байна. 
Н.Гантуяа
Холбоотой мэдээ