Улаанхус суманд ОНХС-гийн зарцуулалтад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх төсөл хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-04-09 12:32:00

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумд "Тогтвортой амьжиргаа-3" төслөөс "Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, арга хэмжээнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх санаачилга" нэртэй төсөл хэрэгжиж эхэллээ.

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй уг төсөлд манай улсын 11 аймгийн 11 сум хамрагдсан байна. Төслийн зорилго нь Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, хөтөлбөр, арга хэмжээнүүдэд санал өгөх ажилд иргэдийг идэвхтэй хамруулах, ард иргэдийн хамгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх ажээ.

Журмаараа Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр ирэх онд хэрэгжүүлэх ажлуудад санал авах маягтыг тухайн багийн айл өрхүүдэд оны нэгдүгээр улиралд багтаан, цуглуулсан саналыг хоёрдугаар улирлын эхний 30 хоногт багтаан сумын захиргаанд тус тус хүргүүлэх ёстой ажээ. Засаг даргын Тамгын газар нь Орон нутгийн хөгжлийн сангийн ажлын хэсэгтэй хамтран иргэдээс ирсэн саналд үндэслэн урьдчилсан жагсаалт бэлтгэж эрэмбэлэн сумын ИТХ-д оруулдаг байна.

Гэвч дээрх санал авах ажиллагаанд иргэд хангалтгүй оролцсоноос нэн тулгамдсан асуудлууд орхигдон ач холбогдол бага саналууд дэмжигдэх асуудал өмнөх жилүүдэд байнга гарч байжээ. Тийм учраас төсөл хэрэгжүүлэгчид санал авах ажиллагаанд иргэдийг олноор хамруулах үүднээс Улаанхус сумын ЗДТГ-тай хамтран энэ сарын 11-ний өдөр Хөх хөтөл багт өдөрлөг зохион байгуулахаар болжээ. Өдөрлөгийн үеэр нийгмийн даатгал, эрүүл мэнд, улсын бүртгэл, халамж зэрэг төрийн байгууллагууд нэг цонхны үйлчилгээ үзүүлэх бөгөөд энэ үеэр Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг хэрхэн зарцуулах, хяналт тавих тухай иргэдэд мэдээлэл өгөх, ирэх онд хэрэгжүүлэх төслүүдэд санал авах ажлуудыг давхар явуулах юм.  

Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх энэ туршилт амжилттай болсон тохиолдолд цаашид бусад сумдад хэрэгжүүлэх ажээ.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ