Д.Төрмөнх: Төр засаг дэмжвэл казах гэрийн үндэсний үйлдвэр байгуулах боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-04-04 23:27:31

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Сүүлийн үед уран хийцтэй казах гэр хийдгээрээ Монгол, Казахстанд өргөн  олонд танил болсон Өлгий сумын 4 дүгээр багийн иргэн, уран сийлбэрч Довчингийн Төрмөнхтэй ярилцлаа.

- Казах гэр хийх санаа анх хэзээ төрсөн вэ?

- 2009 онд ЮНЕСКО-гоос зарласан гар урлалын уралдаанд жижигхэн казах гэр хийж оролцож, хоёрдугаар байрт шалгарч байв. Амжилттай болохоор нь томруулаад хийж үзье гэсэн санаа төрсөн. 2009 онд гэрийн сувенир хийж тухайн үеийн аймгийн ИТХ-ын дарга Х.Баянтай уулзаж танилцуулсан юм. Х.Баян дарга миний саналыг маш сайн хүлээж аваад, энэ ажлыг дэмжье, Тэргүүлэгчдээр ярилцаад чамд боломж олгоё гэж сэтгэлийн дэм өгч байсан. Тэгээд аймгийн ИТХ-аас 2,5 сая төгрөг шийдвэрлэгдэж, Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан 2010 оны 7 дугаар сард аймгийн Засаг даргын Тамгын газрын төрийн ёслолын өргөөг хийж байлаа. Уг бүтээл маань манай аймагт ирсэн төрийн өндөрлөгүүд, УИХ болон Засгийн газрын гишүүд, гадаад, дотоодын зочид, төлөөлөгчдийг хүлээж авдаг өргөө болсонд бахархалтай байдаг. Үүнээс хойш энэ ажлыг өргөжүүлье, олон хүнд хүргэе гэсэн санаа санаачилга төрж, казах гэрийг илүү боловсронгуй, үзэмжтэй болгох, урлагийн бүтээл болгох талаас нь ажиллаж байна.

- Одоо хийсэн гэрээ Казахстан улс руу гаргаж байгаа гэж сонслоо. Энэ талаар ярихгүй юу?

- Одоогоор тус улсад казах үндэстний хээ хуараар чимэглэгдсэн, Алтайн хүрэн бүргэдийг тоононд нь бүтэн эзлэхүүнт сийлбэрээр өлгөсөн, хоёр багана нь бас сийлбэртэй 9 гэр гаргаад байна.

- Казахстанд өөрөө аваачиж борлуулсан уу?

- Өөрсдөө очсон юм байхгүй. Казахстаны талаас захиалга ирдэг. Бүр манайд ирж гэр хийгээд өгөөч гэсэн хүсэлт ч тавьж байсан. Орон нутагт эрэлттэй байгаа учраас очоогүй юм. Миний хийсэн гэр Казахстаны "Бурабай" амралтын газар, Өскемен, Алматы, Астана, Көкшетау хотод байгаа. Тэнд аялал жуулчлалын чиглэлээр, хүндэтгэлийн зориулалтаар ашигладаг юм байна. Саяхан Улаанбаатар хот яваад ирлээ. Тэндхийн томоохон жуулчны баазууд, ирсэн бүх жуулчид Баян-Өлгий аймаг руу явж чадахгүй, тийм учраас тэдэнд казах түмний зан заншилтай танилцах боломж бүрдүүлэх үүднээс энд бас гэр урлаж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Монголыг зорин ирэх жуулчдын тоо жил бүр нэмэгдэж байгаа учраас казах гэрийг хотод бас сонирхож эхэлсэн байна лээ.

- Казах гэр монгол гэрээс юугаараа ялгаатай вэ?

- Казах гэр маань өөрөө бол их өндөр, зайтай, том байдаг. Монгол гэрээс онцлог нь бол унийн хойд тал нь матаастай, дундаж гэр нь үүднээсээ хоймроо хүртэл 9 орчим метр байдаг. Харин ерөнхий өндөр нь 3,5 метр байдаг юм.

- Таны бүтээлийн онцлог юу вэ?

- Би хийсэн гэрийнхээ ерөнхий яс модонд казах түмний бахархал болсон бүх бэлэгдлүүдийг шингээж өгдөг юм. Гэрийг эзлэхүүнтэй /аливаа юмыг тал талаас нь харуулсан сийлбэр/ бөгөөд товгор сийлбэртэй хийдэг. Бүх сийлбэрийг ямар нэгэн машин, тоног төхөөрөмжөөр биш цэвэр гар аргаар хийдэг тул урлагийн бүтээл талдаа зонхилж байдаг л даа. Гэрийн хэмжээ нь янз бүр байгаа. Таваас арван ханатай янз бүрийн хэмжээтэй гэрийг гаргаж байна. Мөн дотор талын хэрэглээний юмнуудыг нь давхар хийдэг. Казах хүмүүс бол эрт дээр үеэс адуу малтайгаа харьцаж ирсэн шүү дээ. Модон эдлэлийг голдуу хэрэглэдэг. Тийм учраас том том айрагны хул, "ожау" буюу халбага, идээ будаагаа тавьдаг модон таваг, модон ор, авдар зэргийг морины хэлбэртэй болгож казахын ард түмний үндэсний онцлогуудыг нь шингээн хийдэг.


- Гэрийн модон хийцийг голдуу ямар хээ хуараар чимэглэдэг вэ?

- Ер нь "хошхар мүйиз" буюу эвэр угалзан хээг голдуу ашигладаг. Монгол хээ, казах хээ хоёр хоорондоо шал ондоо байдаг л даа. Түүнчлэн үндэсний онцлогийг харуулах зорилгоор гэрийн хаалганы бариулыг шар шувууны дүр зурагтай, хос загасны сийлбэртэй хийдэг юм. Яагаад гэвэл казахын ард түмэн шар шувууг маш их хүндэтгэдэг. Загас бол эвийн билэгдэл амьтан шүү дээ. Баганыг урлахдаа бүргэд болон бусад олон төрлийн хээг ашиглаж байна.

- Монгол гэр урлаж байна уу?

- Хувь хүмүүсийн захиалгаар хийдэг болохоос биш казах гэр шиг дагнаж хийдэггүй.

- Уран хийцтэй гэрийг орон нутгийн иргэд хэр их сонирхож байна?

- Иргэд маш их сонирхож байгаа. Аймгийн төвд л гэхэд миний хийсэн 20 гаруй гэр байна. Зарим хүмүүс бүтнээрээ хийлгэдэггүй юм гэхэд хэсэгчлэн тооно, хана, хаалга, унь, баганыг нь хийлгэдэг жишээтэй. "Атамура" буюу үе дамжин үлдэх өв учраас сонирхогчдын тоо нэмэгдэж байна.

- Материалаа хаанаас авдаг вэ?

- Манай аймаг модны нөөц муутай шүү дээ. Тийм учраас нэг хэсэг Оросоос мод оруулж ирж үзсэн ч эдийн засгийн хувьд хүндрэлтэй юм байна. Одоо урд аймгуудаас шилмүүст мод авч ашиглаж байгаа.

- Дизайнаа хэрхэн гаргаж байна?

- Дизайн загварыг нь өөрөө гаргадаг. Би өөрөө технологи, зургийн багш мэргэжилтэй хүн. Нэлээн юм үзэж, судалж, ном, хүмүүсийн яриа хөөрөөнөөс суралцаж санаа авч байж гаргадаг.

- Бүтэн гэр урлахад хэчнээн хугацаа зарцуулдаг вэ?

- Нэлээн хугацаа шаардагдана. Би хэдэн хүнийг энэ ажилд сургасан. Тэд нар маань одоо бие даагаад хийдэг болсон. Гар ажиллагаа их шаарддаг учраас нэг сар орчим ажиллаж байж босгоно доо.

- Таны урласан гэр орон нутагт ямархуу үнээр борлогддог вэ?

- Хийц, загвараас нь хамаараад янз бүр байдаг. Ойролцоогоор 5-15 сая төгрөгөөр үнэлэгдэж байна.

- Захиалга ямархуу байна, тогтмол ажилтай болж чадаж байна уу?

- Захиалга маш их байгаа. Тогтмол ажилтай. Гэхдээ гэрийг өвөл хийж чаддаггүй. Асар их халуун орчинд хийгддэг технологитой учраас улирлын чанартай байдаг. Одоогоор тогтмол ажиллах орчин, байр сав бүрдүүлж чадахгүй байна.

- Төр засгийн зүгээс хэр зэрэг дэмжиж байна?

- 2012 онд жижиг дунд үйлдвэрийн чиглэлээр төсөл оруулж хэдэн төгрөг авсан.  Авсан зээлээ тухайн үед нь төлж дуусгасан. Одоо өөрсдийн хүчээр ажлаа хийгээд явж байна. Төр засгийн зүгээс үйлдвэрийн байр барих ажлыг дэмжээд өгвөл казах гэрийн үндэсний үйлдвэр босоод ирэх боломжтой. Бараг бренд болох бүтээгдэхүүн шүү дээ. Орон нутгийн удирдлагын зүгээс санаачилга гаргаад, бодлогоор дэмжээд өгвөл сайн л байна. Одоо бидэнд туршлага байна, цаашаа аваад явах мэргэжлийн баг бүрдчихээд байгаа. Монгол, Казахстан гээд бидний өмнө хангалттай том зах зээл байна.

- Гэрээс бусад төрлийн юм хийж байна уу?

- 2011 онд Баян-Өлгий аймгийн морины барианы газарт ах дүү нартайгаа хамтарч "Хурдан морины цогцолбор хөшөө" босгосон. Энэ бол манай аймаг дахь энэ чиглэлийн анхдагч бүтээл юм. Найман тонн жинтэй боржин чулуугаар хурдан морины дүрсийг товойлгож гаргасан. Дараа нь өөрийн төрсөн сум болох Бугат сумын сургуулийн 70 жилийн ойгоор «Багшийн алдар» хөшөөг хандивын журмаар босгож өглөө. 2017 онд Өлгий хотод буддын шашны гэр дуган барьсан. Сүсэгтэн олон маань цугларч залбирдаг байртай, ламтай болж их сайхан ажил болсон юм.  Одоо урианхай ястны түүхтэй холбоотой ном бичих ажлаар сууж байна. Ирэх жил болох Бугат сум байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг угтан хэвлүүлэхээр зорьж байна.

- Таны хүү аавынхаа мэргэжлийг өвлөж авсан гэж сонслоо.

- Манай хүү Т.Өнөржав модоор юм хийдэг. Гар урлалын бүх  төрлөөр оролдож байгаа. Бас Баян-Өлгий аймагт чулуун хөөрөг хийдэг ганц хүн нь байгаа юм.

- Цаг заваа гаргаж ярилцлага өгсөн явдалд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.

- Баярлалаа!

Ө.Нурболат


Холбоотой мэдээ