АНУ Хятадаас импортолж байгаа 1300 орчим бараа бүтээгдэхүүнд гаалийн татвар ногдуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2018-04-04 11:00:58
ВАШИНГТОН. /Ройтерс/. Хятадаас импортолж буй 1300 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд гаалийн татвар ногдуулахаар төлөвлөж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа албан ёсоор мэдэгдээд, тэдгээр бараа бүтээгдэхүүний жагсаалтыг гаргасан байна.

“Ройтерс” агентлагийн мэдээлснээр, АНУ Хятадаас импортолж буй эм, эмийн бүтээгдэхүүн, телевизор, мотоцикл, робот зэрэг өргөн цар хүрээг хамарсан 1300 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд 25 хувийн гаалийн татвар ногдуулахаар төлөвлөж байгаа аж.

АНУ ган болон хөнгөн цагаанд татвар ногдуулах шийдвэр гаргасантай холбоотойгоор АНУ-ын 128 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд гаалийн татвар ногдуулах шийдвэрийг Хятад улс өчигдөр гаргасны дараа Цагаан ордон дээрх жагсаалтыг гаргалаа.

АНУ-ын албаны хүмүүс тайлбарлахдаа “Хятад улс оюуны өмчийн эрхийг зөрчиж байгаа учир бид ийм арга хэмжээ авч байна” гэжээ.

Энэ арга хэмжээний улмаас Хятад улс жилд 50 тэрбум ам.долларын импортын алдагдал амсаж болзошгүй аж.

Гэхдээ энэ шийдвэрийг албан ёсоор хэрэгжүүлж эхлэхээсээ өмнө АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар ирэх сарын дундуур эдийн засгийн үр нөлөөний талаар холбогдох албаны хүмүүсийн санаа бодлыг солилцохоор төлөвлөж байна. Мөн Хятад болон АНУ хоорондын худалдааг тэнцвэржүүлэхийн төлөө Бээжин хэр их хүчин чармайлт гаргахыг АНУ-ын албаны хүмүүс нухацтай ажиглах ажээ.
 
Г.Доржханд

Холбоотой мэдээ