Баян-Өлгийд хувцас, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-04-03 22:21:15

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хувцас, оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт сүүлийн хоёр жил дараалан буурсан үзүүлэлттэй гарчээ.

Аймгийн Статистикийн хэлтсээс гаргасан судалгаанаас харахад аж ахуйн нэгжүүд энэ оны эхний хоёр сарын байдлаар 33,3 сая төгрөгийн оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэжээ. Харин энэ үзүүлэлт 2017 оны мөн үед 40 сая, 2016 онд 83,5 сая төгрөг байжээ. Үйлдвэрлэлтийн хэмжээ буурахад өрхийн орлого буурсан, үйлдвэрүүд борлуулалт хийж чадахгүй үйл ажиллагаа нь саармагжсан, жижиг, дунд үйлдвэрүүдэд төр засгаас үзүүлэх дэмжлэг хангалтгүй байгаа зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн хэмээн мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байна.

Түүнчлэн хаалга, цонхны үйлдвэрүүдийн борлуулалт мөн багасчээ. Харин хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл эсрэгээрээ өнгөрсөн оны мөн үеэс 3,1 дахин өссөн байна.

Баян-Өлгий аймагт дээр дурдсан хувцас, оёдол, хаалга, цонх, хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 170 орчим жижиг, дунд үйлдвэр байдаг юм.   
  

Ө.Нурболат

Холбоотой мэдээ