Өсвөрийн самбо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн Улиастайд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-04-03 18:36:20

Завхан/МОНЦАМЭ/. Завханы Эрдэнэхайрхан сумын уугуул, бөхийн самбо төрлийн Ази тивийн аварга, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт ОУХМ Д.Баянмөнхийн нэрэмжит самбо бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн Улиастайд энэ сарын 6-8-ны өдрүүдэд болох гэж байна.  
Өнөөдрийн байдлаар тэмцээнд хот хөдөөгийн 200 гаруй өсвөрийн тамирчид өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлжээ. Цаашид тамирчдын тоо нэмэгдэнэ. Тэмцээнийг Монголын Самбо бөхийн холбоо, Завхан аймгийн ЗДТГ, Завхан аймгийн Биеийн тамир спортын газар хамтран  Монгол Улсад самбо бөх үүсч хөгжсөний 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байна. Тэмцээнд 2000 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш төрсөн өсвөрийн тамирчид оролцох бөгөөд охид хөвгүүд гэсэн ангиллаар нийт тус бүр 10 жинд хүч үзэх юм байна. Мөн тэмцээнийг Монголын самбо бөхийн холбооны Олон Улсын болон улсын шүүгчид удирдан явуулах бөгөөд барилдааны дараалал тэмдэглэлийг бүх жингийн барилдааныг жигд явуулах зарчмаар хөтөлнө. Нэг байгууллагаас нэг жинд гурван тамирчин, гурван жинд давхардаж орохыг зөвшөөрөх бөгөөд баг 10 хүний бүрэлдэхүүнтэй байна.
Энэхүү тэмцээн нь самбо бөхийг сурталчлах, тив дэлхийн тэмцээнээс медаль хүртсэн тамирчдаа алдаршуулах, өсвөрийн тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, самбо барилдааны өсвөрийн тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг сонгох зорилготой юм хэмээн Завханы Биеийн тамир спортын газраас мэдээллээ.

Б.Мягмарсүрэн


Холбоотой мэдээ