ОУОХ-ны ерөнхиийлөгч Томас Бах Пхеньяныг зорьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2018-03-29 14:47:15
БЭЭЖИН. /Ёнхап/.  Олон улсын олимпийн хорооны /ОУОХ/ ерөнхийлөгч Томас Бах Умард Солонгосын талтай спортын асуудлаар хэлэлцээ хийхээр Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудлаас Пхеньяныг зорилоо гэж “Ёнхап” агентлаг мэдээллээ.

Т.Бах айлчлалынхаа үеэр Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай уулзах эсэх нь одоогоор хараахан тодорхойгүй байна.

Энэ оны хоёрдугаар сарын 9-25-нд Өмнөд Солонгосын Пёнчан хотод болсон өвлийн олимпийн наадамд тамирчдаа оролцуулах асуудлаар ОУОХ-ны албаны хүмүүстэй Умард Солонгосын албаны хүмүүс энэ оны нэгдүгээр сард уулзаж, хэлэлцээ хийх үеэрээ Т.Бахыг Пхеньянд урьсан билээ.

Пёнчаны олимпийн үеэр нэг туг далбаан дор тамирчдаа алхуулж, мөсөн хоккейн хамтарсан багаа олимпод оролцуулж байгаа нь даян дэлхийн энх тайвныг хөхиүлэн дэмжсэн “түүхэн үйл явдал” юм гэж Т.Бах Пёнчаны олимпийн нээлтийн ёслолын үеэр хоёр Солонгосыг магтан сайшааж байсан юм.
Г.Доржханд

Холбоотой мэдээ