19 сумын малын эмч нарыг унаажууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-03-29 14:32:02
 Увс /МОНЦАМЭ/. Увс аймгийн 19 сумын Мал эмнэлэг, үржлийн тасагт ХХААХҮЯ-аас Япон улсад үйлдвэрлэсэн мотоцикль илгээснийг аймгийн удирдлагууд өчигдөр гардуулан өглөө. Сумдын засаг дарга нар болон холбогдох албан тушаалтнууд хүрэлцэн ирж мотоциклио гардаж авсан юм.
“Малын эмч нар өөрийн гэсэн унаатай болсноор урьдчилан сэргийлэх вакцин тарилгыг цаг хугацаанд нь хийх, шаардлагатай үед хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэх, үүнийг дагаад мал сүргийн чанар сайжрах боломж бүрдэж байна” хэмээн аймгийн ХХААГ-ын дарга Д.Төмөр-Очир энэ үеэр онцоллоо. Өнгөрсөн жил Увс аймагт ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле ажиллах үеэр сумдын малын эмч нарыг унаажуулах асуудал хөндөгдсөн бөгөөд энэхүү хүсэлт ийнхүү биеллээ олсон байна.
“Монгол Улс малаа эрүүлжүүлэх асуудалд онцгой анхаарч эхэлсэн. Үүнд малын эмч нарын оролцоо хамгаас чухал учир нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх шаардлагатай байгаа. Ямартай ч эхний ээлжинд унаажуулж байгаа нь ажил үүргээ гүйцэтгэхэд бодит дэмжлэг боллоо” хэмээн малын эмч нар ярьж байв.
Б.Батхүү
Холбоотой мэдээ