Ой, хээрт аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-03-27 16:28:30
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга хуурайшилт нэмэгдэж, ой хээрийн түймэр гарч болзошгүй нөхцөл үүсч байгаа учраас ой, хээрт аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг түр хугацаагаар хориглосон шийдвэр гаргалаа.
Хуурайшилтын зэрэглэлийн мэдээг өдөр тутам гаргаж холбогдох байгууллагад мэдэгдэхийг Ус, цаг уур, орчны шинжилгээний газарт даалгаж, сум, орон нутагт байнгын эргүүл, жижүүр ажиллуулахыг сумын Засаг дарга нарт үүрэг болгожээ.
Өнгөрсөн онд Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Орхон суманд ой хээрийн түймэр гарч байгаль экологид нэлээд хохирол учруулсан юм. Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажилд гамшгаас хамгаалах сангаас жил бүр тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулдаг бөгөөд өнгөрсөн онд гал унтраах багаж авах, шатахууны нөөц бүрдүүлж бэлэн байдлыг хангах, үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулах зэрэг арга хэмжээнд 53,8 сая төгрөгийн зардал гаргасан нь өмнөх жилийнхээс долоо дахин нэмэгдсэн байна.
М.Батжаргал

Холбоотой мэдээ