М.Цукерберг АНУ, Их Британийн томоохон хэвлэлүүдээр дамжуулан уучлалт гуйлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2018-03-26 11:51:36
ВАШИНГТОН. /АП/. Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй нийгмийн сүлжээ болох “Фэйсбүүк” компанийг үүсгэн байгуулагч бөгөөд захирал Марк Цукерберг “Нью-Йорк Таймс”, “Вашингтон Пост”, “Сандэй Таймс” зэрэг АНУ болон Их Британийн томоохон хэвлэлүүдэд хэрэглэгчдээсээ уучлал гуйсан агуулга бүхий бүтэн нүүр мэдэгдэл гаргажээ.

“Ассошиэтед Пресс” агентлагийн мэдээлснээр, М.Цукерберг мэдэгдэлдээ “Хувийн мэдээллийг алдсан нь хэрэглэгчдийнхээ итгэлийг алдсан хэрэг юм. Хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг алдахаас урьдчилан сэргийлэх хангалттай арга хэмжээ авч чадаагүйдээ уучлалт гуйж байна. Бид дахин ийм асуудал гаргахгүйн төлөө шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна” гэжээ.

“Фэйсбүүк” 50 сая гаруй хэрэглэгчийнхээ нууц мэдээллийг Их Британид төвтэй “Кэмбриж Аналитика” компанид алдаж, улмаар уг мэдээллүүд нь 2016 онд болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялахад нөлөөлсөн гэх дуулиан шуугиан өнгөрөгч долоо хоногт дэгдсэн билээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ