Хятадын эдийн засаг худалдааны дайныг даван гарах хэмжээний "уян хатан" байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2018-03-26 07:29:06
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадтай хийж буй худалдааг тэнцвэржүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай санамж бичигт саяхан гарын үсэг зурсантай холбогдуулан "АНУ-Хятадын хооронд худалдааны дайн дэгдэх нь" гэж ажиглагчид үзэх болсон юм. Үүнтэй холбогдуулан Хятадын "Синьхуа" агентлагт гарсан "Хятадын эдийн засаг худалдааны дайныг даван гарах хэмжээний "уян хатан" байна" гэсэн гарчиг бүхий нийтлэлийг орчуулан хүргэж байна.

БЭЭЖИН. /Синьхуа/. Худалдааны дайн гэдэг хэнд ч ашиггүй, адил тэнцүү алдагдалтайгаар өндөрлөдөг тоглоом болохыг түүх бидэнд харуулсаар ирсэн. Энэ дайнд ялагч гэж байхгүй, хүн бүр “няцлагддаг”.
 
Гэсэн хэдий ч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эрсдлийг үл ойшоон Хятадаас импортолж буй бараа бүтээгдэхүүнүүдийн гаалийн тарифыг нэмэгдүүлж, Хятадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай тусгай санамж бичигт саяхан гарын үсэг зурсан юм.

Вашингтон худалдааны маргаан үүсэх бүрт худалдааны түншүүдээ буулгаж авахын тулд “энэ тактик”-аа хэрэгжүүлсээр ирсэн.

Бүх улс орны эдийн засаг болоод худалдааны ашиг сонирхол хоорондоо нягт уялдаа холбоотой өнөө үед ийм тактик хэрэглэх нь тийм ч мэргэн санаа биш гэдгийг шинжээчид хэлж байна. Хэрвээ худалдааны дайн дэгдвэл хэн ч, аль ч улс үүнээс холуур өнгөрч чадахгүй.

“АНУ-тай хийж буй хоёр талын худалдаанаас Хятад улс илүү ашиг хүртсээр ирсэн. Тиймээс Хятад улс худалдааны дайнд ялагдана” гэж нэг хэсэг нь үзэж байхад нөгөө хэсэг нь “Худалдааны дайн дэгдвэл Хятад улс “дэлхийн хоёр дахь том эдийн засаг” гэсэн байр сууриа алдаж болзошгүй” гэж байна.
 
Эл хоёр таамаг хоёулаа буруу болохыг энгийнээр тайлбарлахад “Дэлхийн хоёр том эдийн засаг үндсэндээ нэг нэгнээсээ харилцан хамааралтай байдаг” юм.

АНУ-Хятадын бизнесийн зөвлөлийн статистикаас үзвэл, хоёр талын эдийн засгийн түншлэлийн ачаар АНУ-д 2.6 сая хүн ажлын байртай байна. Үүний 104 мянган ажлын байр нь дан ганц Хятадын хөрөнгө оруулалтын дүнд бий болжээ.
 
Өнөөдөр, америкчууд Хятадад үйлдвэрлэсэн хямд үнэтэй бараа бүтээгдэхүүнүүдийг таашаан хэрэглэж байна. Нөгөө талаас Хятадын бизнес эрхлэгчид АНУ-д бизнес эрхэлж, ашиг олж байгаагаа хэн хүнээс илүү ойлгож мэдэж байна. Энэ бол харилцан ашигтай хамтын ажиллагаа юм.

Бээжингийн үзэж буйгаар, энэхүү эерэг динамикийг алдагдуулж болзошгүй зүйл бол “худалдааны дайн”. Гэхдээ хэрвээ худалдааны дайн дэгдэхэд Хятадын эдийн засаг үүнийг даван туулаад гарах хэмжээний хангалттай “уян хатан” байна гэж тус улсын эдийн засагчид үзэж байна.
 
Олон жилийн уйгагүй хүчин чармайлтын дүнд Хятадын эдийн засаг өнөөдөр гадаад худалдаанаас хамааралтай байх нь эрс багасаж, эдийн засаг нь өргөжин тэлэхийн хэрээр гадаад өрийн хэмжээ нь буурсаар байна. Өөрөөр хэлбэл, Бээжин нь макро эдийн засгийн өргөн цар хүрээтэй бодлогыг хэрэгжүүлж буй учир аливаа эрсдэлд тийм ч хурдан өртөхөөргүй байна.

Одоо дэлхийн эдийн засаг ид сэргэлтийн үедээ явж байна. Тиймээс Д.Трампын протекционист буюу гаалийн татвараар дамжуулан худалдааг хамгаалах бодлого нь дэлхийн эдийн засгийн сэргэлтэд сөргөөр нөлөөлж болзошгүй.

Г.Доржханд

 
 
Холбоотой мэдээ