М.Энхболд: Төвбанк хуулийн хэрэгжилтийг мөрдөхийн тулд хариуцлагатай ажиллах нь чухал

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-03-22 14:49:42
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монголбанкны тухай, Банкны тухай болон Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн эх бичвэрийг Монголбанкинд  УИХ-ын  дарга М.Энхболд хүлээлгэн өглөө.

Дээрх хуулиудыг УИХ-ын 2017-2018 оны намрын чуулганаар баталсан билээ.УИХ-ын дарга М.Энхболд хуулийн эх бичвэрийг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханд гардуулан өгөхдөө, "Төвбанк хуулийн хэрэгжилтийг чанд сахин мөрдөхийн тулд нягт нямбай, хариуцлагатай ажиллах нь чухал юм " хэмээн онцлов.



Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан үг хэлэхдээ,
"Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах,  өсөлтийг дэмжих хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Монголбанкнаас 2016 оноос эхлэн дунд хугацаанд хэрэгжүүлэх “Банк санхүүгийн салбарын хууль эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр”-ийг санаачилсан. Энэ хүрээнд 2018 оныг банк санхүүгийн салбарын шинэчлэлийн жил болгон зарлаж, бодлогын тодорхой зорилтуудыг хэрэгжүүлж эхлээд байна. Банк санхүүгийн салбарт сайн засаглал, оновчтой бодлого, зохицуулалтыг бий болгон, хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх Монголбанкны санаачилгыг дэмжиж, хуулийн төслүүдийг УИХ-аар батлуулахад гар бие оролцсон нийт хүмүүст талархал илэрхийлье" гэлээ.
Монголбанк банк, санхүүгийн салбарын эрх зүйн шинэтгэлийн дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд нийт 10 гаруй хуулийн төслийг санаачлан боловсруулахаас шинээр нэг хууль, нэмэлт өөрчлөлт оруулах тухай гурван хуулийн төслийг  батлуулжээ.
Б.Заяа
Гэрэл зургийг Н.Батбаяр
Холбоотой мэдээ